БНАСАУ, БНХАУ найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-10-25 12:55:04

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ, БНХАУ найрсаг харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж “Rodong Sinmun” сонин 1950-1953 оны Солонгосын дайнд Хятадын ардын сайн дурынхны арми нэгдсэний 71 жилийн ойд зориулсан нийтлэлдээ дурджээ.


Уг нийтлэлд, "цусаар гагнагдсан хоёр орны эвдэршгүй найрамдал" нэгдмэл зорилгын төлөө зүтгэж буй үеэс үед уламжлагдан дамжина хэмээн бичжээ. Түүнчлэн "эргэлзээгүйгээр амиа өгсөн Хятад цэргүүдийн мартагдашгүй үйлс, баатарлаг гавьяа хэзээ ч мартагдахгүй" гэж онцлон тэмдэглэсэн байна.


Солонгосын дайн 1950 оны зургаадугаар сард эхэлжээ. 1950 оны 10 дугаар сарын 19-нд Хятадын ардын сайн дурын цэргүүд Ялужян мөрнийг гатлан Солонгосын нутагт орж ирсэн бөгөөд ​​1953 онд гал зогсоох хүртэл тулалдсан байна. Тулалдаанд нийтдээ 2.9 сая хятад байлдагч оролцсоноос БНХАУ-ын албан ёсны мэдээллээр 197 653 хүн амиа үрэгджээ.

Холбоотой мэдээ