БНСУ, АНУ, Японы дипломатчид уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-23 09:38:52

НЬЮ-ЙОРК. /Yonhap/. БНСУ, Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэргүүтэй бүс нутгийн төрөл бүрийн асуудлыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаа дахин нотоллоо гэж Төрийн департамент мэдээлэв.


БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чун Ый Ён, Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн /ЕА/ чуулганы хүрээнд лхагва гарагт уулзжээ.


“Талууд АНУ-Япон-БНСУ-ын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хамтын ажиллагааг өрнүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хадгалж, хөхиүлэн дэмжихийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдээлсэн байна.


Мөн уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зэрэг дэлхий нийтэд тулгарч буй сорилтыг зохицуулах чиглэлд гаргах олон талын хүчин чармайлтаар дамжуулан гурван талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх арга замын талаар хэлэлцжээ. 


Э.Блинкен Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө хоёр түнштэйгээ үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах улсынхаа үүрэг амлалтыг дахин нотолсон гэдгийг Төрийн департамент мөн уламжилсан байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ долоо хоногт НҮБ-ын ЕА-н чуулганд үг хэлэх үеэрээ 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор дуусгахын төлөө хүчин чармайлт гаргахыг уриалсны дараа энэхүү уулзалт болж байна.


Мөн БНАСАУ энэ сарын эхээр богино зайн тусгалт баллистик пуужин харвах туршилт явуулсныг АНУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн явдал гэж үзэж буй юм.


АНУ-ын хувьд БНАСАУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби лхагва гаргийн өглөө мэдэгдэхдээ, манай улс Солонгосын дайныг албан ёсоор дуусгах талаарх хэлэлцээг өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.


БНСУ, Япон, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар хамгийн сүүлд Их Британийн нийслэл Лондон хотноо тавдугаар сард уулзсан билээ. 

Холбоотой мэдээ