"Шэньжоу-12" хөлгийн буугч аппарат Хятадын хойд нутагт газарджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-09-17 14:59:33

БЭЭЖИН. /TASS/. "Шэньжоу-12" сансрын жолоодлогот хөлгийн буугч аппарат Хятадын хойд хэсэгт орших Өвөр Монголын Өөртөө Засах Оронд /ӨМӨЗО/ амжилттай газардаж, тойрог замын станцаас сансрын гурван нисэгч эх дэлхийдээ буцаж ирлээ гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.


"Шэньжоу-12" хөлөг ӨМӨЗО-ны “Дунфан” газардах талбайд орон нутгийн цагаар 13 цаг 34 минутад газардсан байна. 


Хятадын төв телевизээр мэдээлснээр, 13 цаг 40 минутад  эрэн хайх, аврах албаны мэргэжилтнүүд газардах талбайд иржээ. 13 цаг 43 минутад буугч капсулыг нээсэн байна. Хоёр минутын дараа багийн бүх гишүүд эсэн мэнд байна гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.


Гурван нисэгчтэй "Шэньжоу-12" хөлөг дэлхий рүү буцахаар пүрэв гарагт Бээжингийн цагаар 08 цаг 56 минутад тойрог замын станцын үндсэн модулиас салсан юм.  


Бадин-Жаран цөл дэх “Дунфэн” талбайг сансрын нисэгчдийг эх дэлхий рүү буцаахад анх удаа ашигласан байна. Өмнө нь ӨМӨЗО-ны Сызыван хошууны газардах талбайг ашигладаг байжээ.


"Шэньжоу-12" хөлгийг зургаадугаар сарын 17-нд хөөргөсөн билээ. Хөлгийн багийн гишүүд болох Не Хайшэн, Лю Бомин, Тан Хунбо нар тойрог замд байгуулж буй станцдаа гурав орчим сар ажиллажээ. Тойрог замд байх хугацаандаа сансрын нисэгчид хоёр удаа задгай сансарт гарч ажилласан байна.


Холбоотой мэдээ