Э.Батаа: Эргэлзсэн, тээнэгэлзсэн үгээ толь бичгээсээ хардаг, ашигладаг дадал, хэвшилтэй болох хэрэгтэй

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-05-08 17:35:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Батаатай ярилцлаа.

 

-Энэ жил аймгийн “Хэлний бодлогын салбар зөвлөл”-ийг шинэчлэн байгуулсан. Шинэ бүтэц, бүрэлдэхүүн, хийх ажлын талаар та мэдээлэл өгнө үү?

-Аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/95 захирамжаар “Хэлний бодлогын салбар зөвлөл”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, өмнөх 2017 онд гарсан захирамжийг хүчингүйд тооцсон. Зөвлөл нь аймгийн Засаг даргаар ахлуулж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн, сургуулийн монгол хэл, уран зохиолын багш нарын бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Монгол хэлний тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, монгол бичигт сургах ажлыг эрчимжүүлэх үүднээс 4 зорилт 20 заалт бүхий төлөвлөгөөг баталж, 2021 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Чой.Лувсанжавын нэрэмжит монгол бичгийн аймгийн олимпиадыг зохион байгуулах, Монгол бичгийн сургалт эрхлэх хувь хүн, сургалтын төвүүдэд дэмжлэг үзүүлэх, бүх нийтээрээ монгол бичигтэн болох аян өрнүүлэх, бүх шатны төрийн байгууллагын гадна хаяг, гудамж талбайн нэрийг хос бичгээр бичих гэхчлэн олон ажлыг төлөвлөсөн. Халдварт цар тахлын улмаас уулзалт, сургалт зэрэг зарим төлөвлөсөн ажлууд хойшлогдож байна.

ил бүрийн тавдугаар сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд салбар зөвлөлөөс ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Салбар зөвлөлөөс баталсан төлөвлөгөөнд “Үндэсний бичиг үсгийн өдөр”, “Эх хэлний өдөр”-ийг аймаг, сумын  хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх заалт тусгагдсан.

Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, Монгол үндэсний бичиг, соёл, түүх уламжлалаа сурталчлах, иргэдийн хандлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх хэл- Эрдэм соёл” уралдааныг аймгийн Төв номын сангаас зарлаад байна. Уралдаанд насанд хүрэгчид болон ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой. Хичээнгүй бичигтэн, уран бичлэг төрлөөр бүтээлээ ирүүлж, цахим сүлжээнд нийтлэх бөгөөд 5 дугаар сарын 21-ний өдөр бүтээлийг шалгаруулах юм.

Мөн тус өдрийг тохиолдуулан үндэсний бичгээрээ бичсэн сайхан үгс, уриалга оруулах челленж буюу цахим давалгааг иргэдийн зүгээс эхлүүлсэн байна. ЕБС-иуд "Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт"-ыг өнгөрөгч сард зохион байгуулснаар бичгийн тигийг сайжруулах, цахимаар бичих чадварт суралцахад ахиц гарсан байна. 

-Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтөлнө. Үүнд манай албан хаагчид бэлэн болов уу?

ндэсний статистикийн хорооноос төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох судалгааг 4 дүгээр сард хийсэн. Улсын хэмжээнд 160 мянган албан хаагч хамрагдсанаас үндэсний бичгийн мэдлэгийн түвшин 51,0 хувьтай байна гэсэн судалгаа гарсан байна.

Манай аймгийн хувьд төрийн албан хаагчдын 4.8 хувь нь монгол бичгийн мэдлэг маш сайн, 12.1 хувь нь сайн, 24 хувь нь мэдлэггүй гэх судалгаа гарсан. Албан хэргээ үндэсний болон кирилл бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн эсэх судалгаагаар Өвөрхангай аймаг 49.2 хувьтай гарсан.

Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг сайжруулахын тулд аж ахуйн нэгж, байгууллага бүр хамт олноороо хэл бичгийн хэрэглээгээ сайжруулах, сургалтад хамрагдах, аян хөдөлгөөн өрнүүлэх чиглэл өгсөн. Монгол бичгээ хэрэглэх, судлах, сурах ажлыг үр дүнтэй зохион байгуулсан салбар зөвлөл, байгууллага хамт олон, албан хаагч, багш нарыг шалгаруулан шагнах юм.

-Байгууллагын гадна хаяг, гудамж талбайн нэрийг хос бичгээр бичих ажил хэдэн хувьтай хэрэгжиж байгаа вэ?

-Байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна хаягаа хос бичгээр бичих ажил 60 орчим хувьтай байна. 2021 онд манай аймгийн түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Түүхт ойг угтаж, төрийн бүх албан байгууллагууд 7 дугаар сард багтан гадна хаягаа хос бичгээр бичиж, бусад төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээ уриалан манлайлж ажиллана.

-Төрийн байгууллага, албан хаагчдыг монгол бичгээр хэвлэгддэг сонин, сэтгүүлийг захиалан унших үүрэг өгсөн. Үүнтэй холбоотой тоо баримт бий болов уу?

-Төрийн байгууллага, албан хаагчдын монгол бичгийн чадвар, хэрэглээ харилцан адилгүйгээс монгол бичгээр хэвлэгддэг сонин, сэтгүүл захиалан унших нь төдийлөн хангалттай биш байгаа.

Харин манай аймгийн төрийн байгууллагууд албан хаагчдадаа үндэсний бичгийн сургалт зохион байгуулж, үндэсний өв соёлоо эзэмших, сурах, хөгжүүлэхэд маш санаачилгатай, сэтгэл зүрхээрээ хичээн суралцаж, цар тахлын хорио цээрийн үед ч цахим хэлбэрээр сургалтаа үр дүнтэй зохион байгуулж байна. Үндэсний бичгээрээ үншиж бичих чадвараа сайжруулаад, энэ олж авсан үнэт өв соёлоо хэрэглээ болгохын тулд монгол бичгээр хэвлэгддэг сонин, сэтгүүлийг захиалан унших нь зөв. Энэ хагас жилээс эхлэн захиалга эрс дээшилж, үндэсний бичиг үсгийн хэрэглээ, хандлага нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. 

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна. Иргэд, ялангуяа залуучуудын дунд монгол бичиг битгий хэл, кирилл үсгээрээ алдаатай бичдэг хүн олон байна. Энэ байдлыг яаж засаж сайжруулах вэ?

-Батлагдсан дүрэм журмыг хүн бүр хэрэгжүүлдэг, дагаж мөрддөг соёл, хандлага маш чухал байна. Ц.Дамдинсүрэн, Б.Осор багш нарын 1983 онд зохиосон “Монгол үсгийн дүрэм”-ийн толийг шинэчлэн баяжуулж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг 2017 онд батлан мөрдөж байна. Тус толь бичгийн цахим программыг байгууллага, иргэн бүр компьютер, гар утсандаа суулгаад эргэлзсэн, тээнэгэлзсэн үгээ толь бичгээсээ хардаг, ашигладаг дадал, хэвшилтэй болох хэрэгтэй.

Иргэн бүр замын хөдөлгөөний дүрмээ баримтлахгүй бол зөрчил гарсаар байхтай адил хүн бүр батлагдсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-оо баримтлахгүй өөр өөрийн дураар бичсээр байвал энэ байдал байсаар л байна. Аливаа ололт, амжилт их энгийн жижиг зүйлээс эхэлдэг тул иргэд бид цахим орчин дахь сэтгэгдэл, үзэл бодлоо галигаар биш кирилл үсгээр бичдэг болъё гэж уриалмаар байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ