Онцгой тохиолдолд хүний амь аварсан эмч нарыг урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 10:13:50

Өвөрхангай аймагт сүүлийн 3 жилд онцгой тохиолдолд хүний амь нас аварсан эх барих, эмэгтэйчүүдийн 5 эмч, ховор нарийн мэргэжил эзэмшсэн 5 эмч, бусад аймаг, хотоос ирж, үр бүтээлтэй ажиллаж байгаа 15 эмч, мэргэжилтэнд  нийт дүнгээр 9.8 сая төгрөгийн урамшуулал олгосон байна.

Тодруулбал хорт хавдрын хүнд шатанд байгаа өвчтөн, төрөхийн хүндрэлээс амь нас эрсдэлтэй байгаа эх, хүүхдийн амь насыг аварсан, яаралтай тусламжийг гэрээр үзүүлж эрсдлээс хамгаалсан эмч нарын багт, мөн сэхээ, гэмтэл, мэс засал, эх барих эмэгтэйчүүд  чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн эмч нар дээрх урамшууллыг олгожээ.

Аймгийн эрүүл мэндийн салбарт “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг 2013-2017 онд хөгжүүлэх бодлого”, “Эмч мэргэжилтнийг төгсөлтийн дараах сургалтад хамруулах 5 жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, гадаад, дотоодын сургалтанд хамрагдан мэргэжлээ дээшлүүлсэн эмч мэргэжилтэн 2012 оноос 2.8 хувиар нэмэгдэж, нарийн мэргэжлийн эмчийн хангалт өссөн ба анагаах ухааны магистр 11, клиникийн профессор 14, мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй  эмч мэргэжилтэн 87 ажиллаж байна.

Өвөрхангай аймагт Засаг даргын 2013 оны 128 дугаар захирамжаар  “Онцгой хүнд нөхцлөөс хүний амь нас аварсан болон зарим мэргэжлийн эмч нарт урамшуулал олгох журам”-ыг баталсан байдаг юм. 

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ