Цэнгэл сум хогийн цэгээ цэгцэлж харуултай болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-02 12:08:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цэнгэл сумын ЗДТГ-аас сумын төвөөс холгүй орших хогийн цэгийг овоолж цэгцэлсэн байна.

Тухайн хогийн цэг нь 30 гаруй га талбайг хамрах ба орон нутгийн иргэд 1963 оноос хогоо замбараагүй асгаснаас хэмжээ нь өнөөдрийг хүртэл жил бүр өргөжин тэлж байгаа аж.

Иймд сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 5 сая төгрөг хуваарилж, хогийг овоолсон байна. Тус сумын иргэн, албан байгууллагууд Наурыз баярын өмнөөс намрын улирлын сүүл хүртэл хог хаягдлыг олноор ачиж, хогийн цэгт асгадаг. Тухайн хугацаанд хогийн цэгт хяналт тавих зорилгоор харуул гаргаж,  эзэнтэй болгожээ.

Харуулын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож дээрх эх үүсвэрээс шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ