Булганаар дайрсан баруун чиглэлийн замд хяналтын пост байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-11 13:44:03

Нийслэлийг Архангай аймагтай холбосон авто зам дээр орчин үеийн шилэн пассад бүхий, замын хөдөлгөөний хяналтын постыг барьж ашиглалтад орууллаа. Энэ нь Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрээр дайран гарч байгаа зам юм байна.

Уг хяналтын пост нь ашиглалтад орсноор баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Булган аймгийн нутаг дэвсгэрээр нийслэлийг баруун аймгуудтай холбосон 3 трассын авто зам дайран өнгөрдөг бөгөөд орон нутгаас хөрөнгө шийдвэрлэж барьсан 2 дахь пост нь энэхүү пост боллоо. Постын нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газраас эрчим хүч татах 8,7 сая төгрөг, авто замын хөдөлгөөнийг хянах иж бүрэн хяналтын камер суурилуулах 40 сая төгрөгийн хөрөнгийг сум хөгжүүлэх сангаас шийдвэрлэн тендерийн сонгон шалгаруулалт зарлаад байна.

Булган аймгийн Баяннуур, Архангай аймгийн Өгийнуур чиглэлийн авто зам дээр сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн 24  хэрэг, осол гарч, 14 хүний алтан амь эрсдэж, 22 хүн гэмтсэн байна.

                                                                                                                                                                              П.Батням

 

 

 

Холбоотой мэдээ