Австрали “AstraZeneca”-гийн вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-16 17:39:14

КАНБЕРРА. /ABC/. Австралийн Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар Их Британи, Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан “COVID-19”-ийн вакцинд өнөөдөр зөвшөөрөл олгожээ.


АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн вакциныг өнгөрсөн сард бүртгэсэн Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар “COVID-19”-ийн хоёр дахь вакцинд зөвшөөрөл олгож буй нь энэ юм.


Австрали вакцинжуулалтаа энэ сарын 22-ноос эхлүүлэхээр товлоод байгаа юм. “Pfizer”-ийн вакцины хоёр тунг гурван долоо хоногийн зайтай хийлгэх шаардлагатай бол “AstraZeneca”-гийн вакциныг 12 хүртэлх долоо хоногийн зайтай хийлгэх боломжтой байна.


“Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар “AstraZeneca”-гийн вакциныг аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон” гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд Грег Хантын мэдээлснээр, уг вакцин “COVID-19” халдвар хүндээр илрэхээс сэргийлэх ажээ.


Мөн олон нийтийн хоёр вакцины аль алинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд С.Моррисон “Pfizer”-ийн вакциныг, Г.Хант “AstraZeneca”-гийн вакциныг хийлгэхээр төлөвлөсөн байна.


Австрали “AstraZeneca”-гийн вакцинаас 53.8 сая тунг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 50 сая тунг нь дотооддоо үйлдвэрлэх ажээ. Мөн Засгийн газар “Pfizer”-ийн вакцинаас 20 сая тунг худалдан авахаар тохиролцжээ. 

Холбоотой мэдээ