Завханд дархлаажуулалтад иргэдийн 90 гаруй хувь нь хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-06 18:22:34

Завхан аймагт улаанбурхан–улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт иргэдийн  92.9 хувь нь хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалтанд 8885 иргэн хамрагджээ.

Улаанбурхан–улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын ажилд 26 байнгын цэг, 26 явуулын цэг, 10 түр цэгээр иргэдийг дархлаажуулалтанд хамруулжээ.

Нэмэлт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газрын 27 мэргэжилтэн 84 албан байгууллагын 1498 хүнийг хамруулсан тандалт хийсэн байна. Тандалтын үр дүнд дархлаажуулалтанд хамрагдаагүй үлдсэн 98 хүнийг дархлаажуулсан бөгөөд Улиастай сумын дархлаажуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Алдархаан, Эрдэнэхайрхан гэх зэрэг дөрвөн  сумын их эмч, вакцинаторуудыг  явуулын дархлаажуулалтанд татан оролцуулж ажиллажээ. 

Мөн аймгийн төвийн зургаан багийн иргэдэд мэдээлэл хүргэх, явуулын дархлаажуулалтад идэвхитэй хамруулах сургалт сурталчилгааны ажил хийсний дүнд 405 хүнийг дархлаажуулалтанд нэмж хамруулжээ. 

Дашрамд ХӨСҮТ-ийн улаанбурхан – улаануудын эсрэг дархлаажуулалтын хамралтыг үнэлэх түргэвчилсэн үнэлгээнд Завхандал сумын Олонбулаг, Олонтүрүү багууд хамрагдаж хамралтын хувь хангалттай сайн, 100 хувь дархлаажуулсан  үнэлгээтэй дүгнэгдсэн байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ