Байгууллагын дэргэдэх шилдэг эцэг эхийн зөвлөлийг шалгаруулжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-12-04 19:00:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулжээ. Улмаар Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэгийн хамт олон өөрсдийн зохион байгуулсан үйл ажиллагаа, хийсэн ажлаараа бусдаас тэргүүлсэн байна.

 

Манай цэцэрлэгийн дэргэдэх зөвлөл байгуулагдаад хоёр жил болж байна. Гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Бидний онцлог ажил гэвэл, манай байгууллага залуу багш, ажилтан олонтой. Бага насны, хөхүүл хүүхэдтэй эх олон бий. Тиймээс хөхүүл эхийн төвийг байгуулсан. Мөн хүүхэд нь шинээр сургуульд орсон ажилчдадаа зориулан хичээл давтлагын буланг шинээр бий болгосон. Ингэснээр хүүхдүүд аав ээжийнхээ ажил дээр ирээд хамт хичээлээ хийх боломжтой. Үүнээс гадна бүхий л тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолд ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулж, өглөөлгийн ажлыг байнга хамтдаа хийцгээдэг. Аюулт цар тахлын өвчин дэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн нэг сараас хойш өнөөг хүртэл нийт долоон удаа ажилчдаа болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг витаминжуулах ажлыг хийгээд байгаа гэж Баруун-Урт сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч М.Энхсайхан ярилаа.

 

Ажилтан албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлж, цаашид үйл ажиллагаагаа тогтмолжуулан, сайн туршлага, санаачилгыг дэлгэрүүлсэн шилдэг гурван зөвлөлийг шалгаруулжээ. Улмаар нийт 21 ААНБ өрсөлдсөнөөс Мөнххаан сумын хүүхдийн цэцэрлэг, аймгийн Ус,цаг уур орчны шинжилгээний төв удаах байруудад шалгарчээ.  

 

Холбоотой мэдээ