Зөвшөөрөгдсөн 13 чиглэлийн байгууллагаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-13 10:49:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хот доторх автомашин, явган хүний хөдөлгөөнийг энэ сарын 17-ны өглөөний 6 цаг хүртэл хязгаарлалаа.


Засгийн газрын 178 дугаар тогтоолын дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, дараах байгууллагыг хэвийн горимд ажиллуулахаар болсон.

Тухайлбал,

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

Оршуулга

Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

Шүүх, прокурор

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/-ууд хэвийн горимоор ажиллаж байгаа.


Дээрх байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах бөгөөд жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд ажиллахгүйг УОК анхааруулсан.


Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга  зөвлөж, зайлшгүй шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд уриалжээ.


Нийтийн тээвэр өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр/ 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний зах 06.00-19.00 цаг хүртэл ажиллана, гэхдээ согтууруулах ундаа худалдахгүй юм.


Хот руу орох автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн нээлттэй, харин гарахыг хориглосон шийдвэр хэвээр байна.

 

Холбоотой мэдээ