БНСУ-ын тусламжаар нийт 300 сая ам.долларын 7 төсөл хэрэгжинэ

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2016-05-24 15:45:57

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн томоохон алхам хийсэн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр болсон “Мэдээллийн цаг” уулзалтын үеэр онцлов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар энэ сарын 18-20-нд албан ёсны айлчлал хийсэн. Энэ нь  Ерөнхийлөгч болсноосоо хойш тус улсад хийсэн анхны айлчлал юм. Статистик үзүүлэлтээс харахад БНСУ нь манай улсад оруулдаг хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 4 дүгээр  байрт ордог бөгөөд хоёр орны гадаад худалдааны эргэлт жилд 500 сая ам.доллар хүрдэг аж. Сүүлийн жилүүдэд БНСУ-д ажиллах, сурах, эмчлүүлэхээр амьдрахаар зорьж буй монголчуудын тоо эрс нэмэгдэж байгаа юм. Одоогоор 30 мянга гаруй Монгол иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.

Айлчлалын үеэр БНСУ-ын тусламжаар нийт 300 сая ам.долларын өртөг бүхий 7 төсөл хэрэгжүүлэхээр баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, хот хоорондын тээврийн автобусыг шинэчлэх, 10 аймагт ДЦС барих, боловсролын салбарын техник хэрэгслийг шинэчлэх зэрэг төсөлд зарцуулах юм.

Мөн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНСУ-ын Сөүл хотын “Хүндэт иргэн”-ээр батламжилжээ. Үүний дараа Сөүл хотын дарга Пак Вон Сүн Ерөнхийлөгчийн хамт тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна. Энэ үеэр Монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, монгол хүүхдүүдийн сургуульд хамрах боломж зэрэг олон асуудлыг хөндөж ярилцсан. Уулзалтад Сөүл хотын дарга биечлэн оролцсон тул Монгол Улсын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна хэмээн Л.Пүрэвсүрэн сайд хэллээ.

Тэрбээр, “Энэ сарын 17-нд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Банконг хотноо болсон Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн хорооны хуралд оролцсон. Энэ үеэр ГХЯ-наас Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв (ДГХБООУСТ)-ийн үйл ажиллагааны талаар тусгай уулзалт зохион байгуулсан. Аливаа оронд олон улсын байгууллага байгуулах нь нэр хүнд, тусгаар тогтнолоо баталгаажуулах томоохон алхам байдаг. Монгол Улс 2009 онд НҮБ-д ДГХБООУСТ байгуулах саналаа илэрхийлсэн. Энэ төвийг байгуулахад 10 гишүүн гарын үсэг зурах ёстой. Одоогоор 8 орон манай улсад байгуулахын зөвшөөрч гарын үсэг зураад байна.

Мөн Эдийн засгийн хорооны хурлын үеэр Тайландын ГХЯ-тай зөвлөлдөх уулзалт хийсэн. Энэ үеэр Тайландын удирдлагууд АСЕМ-ын хуралд оролцохоо илэрхийлсэн” хэмээв.

Монгол Улс 2012 онд Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын байгууллага (АСТОУБ)-д элссэн бөгөөд энэ жил даргын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ оны 8 дугаар сард Монгол Улсад тус байгууллагын чуулган болох бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотод АСТОУБ-ын Сонгуулийн ажиглагчийн сургалтын төвийг байгуулах талаар хэлэлцэж байгаа аж.

Монгол Улс гадаад сурталчилгааны ажлаа сайжруулах зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хэсэг нь гадны сэтгүүлчдийг Монгол Улсад урьж, эх орноо танилцуулах явдал юм. Энэ хүрээнд өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын 17 сэтгүүлч Монголд ажиллаж, төрийн удирдлагуудтай уулзан, Улаанбаатар, Эрдэнэт хотын бүтээн байгуулалттай танилцсан байна. Мөн үеэр Монгол- ОХУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форумыг хийсэн бөгөөд гадаад сурталчилгаагаа хөгжүүлэх томоохон алхам болсоныг дурьдав.

Мөн тэрбээр ирэх  7 хоногт Япон улсад болох “Азийн ирээдүй” олон улсын хуралд оролцож, Монгол Улсын Зүүн хойд Азид явуулж буй гадаад бодлогын талаар илтгэлт тавихаар төлөвлөж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ