Бүртгэлтэй 1,4 мянган иргэн ажилд зуучлуулан оржээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-19 15:40:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны 9 дүгээр сард ажилгүй 4.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 1.4 мянган иргэн ажилд зуучлуулан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 9 дүгээр сард 1.7 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 456 иргэн ажилд зуучлуулан орсон. Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.6 (35.7 хувь) мянга, ажилд зуучлуулан орсон иргэд 1.0 (42.5 хувь) мянга, ажил идэвхтэй хайгаагүй шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.0 (35.0 хувь) мянган хүнээр буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 9 дүгээр сарын эцэст 27.5 мянга, үүнээс 17.8 (64.8 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 (35.2 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 2.6 (12.7 хувь) мянга, өмнөх сараас 461 (2.5 хувь) хүнээр буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.4 (53.0 хувь) мянга нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 338 (1.9 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 171 (50.6 хувь) нь эмэгтэйчүүд. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны 9 дүгээр сард 4.7 мянган хүн шинээр бүртгүүлсний 2.6 (56.0 хувь) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 215 (7.6 хувь) хүнээр буурчээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.8 хувийг 15-34 насны залуус эзэлж, энэ үзүүлэлт Сүхбаатар, Хөвсгөл, Завхан, Хэнтий, Булган аймаг, Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт улсын дунджаас 3.8-7.6 пунктээр доогуур байна.

Холбоотой мэдээ