Цар тахлын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй ажилтнуудаа орон сууцны хөтөлбөрт хамрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тусгай үүргийн нислэгийн үйлчилгээнд эрсдэлтэй бүсэд ажилласан таван ажилтанг орон сууцны хөтөлбөрт хамруулах батламжаар урамшууллаа.
Батламжийг “Буянт-Ухаа”
ОУНБ-ын Аюулгүй байдал,
хамгаалалтын албаны Үзлэг шалгалт, хамгаалалтын хэсгийн 1 дүгээр ээлжийн
хамгаалалтын ахлагч Г.Өлзийбаяр, 2 дугаар ээлжийн зохицуулагч Д.Цогт-Очир,
Ачаа, шуудан үйлчилгээний албаны ачигч Ж.Баттулга, Аэродромын албаны
ажилчин-механикч Д.Бадрах, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны
онгоц үйлчилгээний жолооч-операторчин Д.Мягмаржав нар авсан. Тэд өмнө нь байрны хөнгөлөлт
урамшуулалд хамрагдаж байгаагүй учир ар
гэрийнх нь нөхцөл байдлыг харгалзан
үзэж хөтөлбөрт хамруулжээ.
Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан цар тахлаас
урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн
ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн
албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Онцгой чиг үүрэгтэй иргэний нисэхийн
салбарынхан хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хэдийгээр тогтмол нислэг
сэргээгүй ч Улсын онцгой комиссоос баталсан хуваарийн дагуу гадаад улс орноос
иргэдээ татах тусгай нислэгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.