10 мянга гаруй нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-12 13:31:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын хувьд Энэтхэг, БНСУ, Шри Ланка, Лаос, Бангладеш улс руу 10 667 нэр төрлийн бараанд  татварын 5-100 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Учир нь манай улс өнгөрсөн сарын 29-нөөс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн 7 дахь гишүүн болсон. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэлэлцээрийг хэрэгжүүлэх юм. Үүний бэлтгэл ажлын хүрээнд ГХЯ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, МҮХАҮТ хамтран мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс” сургалтыг өнөөдөр ГХЯ-нд зохион байгууллаа.  

Сургалтад НҮБ-ын АНДЭЗНК-ын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацын хэлтсийн дарга Миа Микич цахимаар оролцож хэлсэн үгэндээ, “Монгол Улс хэлэлцээрт нэгдсэнээр бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэх, дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд холбогдох, гадаад зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татах ач холбогдолтой. Түүнчлэн худалдааны түншээ төрөлжүүлэх, экспортын бүтээгдэхүүний төрлөө өргөжүүлэх боломжтой. Худалдааг хөнгөвчлөх, зардал, алдагдлыг бууруулахаар хил дамнасан худалдааг цаасгүй, цахим дижитал болгоход анхаарч байна. Монгол Улс үүнд холбогдох үйл явцаа түргэвчлэх хэрэгтэй” гэв.  

Сургалтаар худалдааны хэлэлцээрийн бүтээгдэхүүний гарал үүслийн шалгуур, гарал үүслийн гэрчилгээ авах үйл явц болон хэлэлцээрт нэгдэн орсноор ямар үр нөлөөтэй талаар ярилаа. 

АНДХХ-ийн гишүүн орнууд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 70 орчим, экспортын 90 орчим, импортын 30 гаруй хувийг эзэлдэг. Ази, Номхон далайн хөгжиж буй дээрх зургаан орон өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Бангкокийн хэлэлцээр”-ийг 1975 онд байгуулсан. БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн орсноор цар хүрээгээ өргөжүүлж, 2005 онд нэрийг нь “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” болгон өөрчилжээ. 

Холбоотой мэдээ