Бүртгэлтэй ажилгүй иргэн гэж хэн бэ?

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-09-23 17:09:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ажилгүй иргэн”  гэж “Тодорхой хугацаанд ажилгүй, ажил хийхэд бэлэн санаачлагатай хөдөлмөрийн насны иргэнийг хэлнэ” гэсэн  ойлголт байна. Энэ ойлголт цаашаа “ажилтай байсан” ( халагдсан), “ажил хийхэд бэлэн” гэсэн байдлаар  хэд хэдэн нэр томьёо хуулийн хэллэг болон задардаг юм байна. Тэдгээрээс  “ажил идэвхтэй хайж байгаа” хэмээх  ойлголтыг авч үзвэл “ажилд зуучлах төрийн болон хувийн байгууллагад бүртгүүлж, нэгээс доошгүй ажлын байрны мэдээлэл авсан. Ажлын зар, цахим хуудсаар ажил олгогчид хандах, нийтийн үйлчилгээний газруудын мэдээллийн самбар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зар тавих ажил олох оролдлого идэвхтэй хийснийг ойлгоно” гэж тодорхойлжээ.


Ажилгүй иргэдийг дотор нь бүртгэлтэй, бүртгэлгүй гэж хоёр ангилна. Ийм бүртгэлийг 1998 оноос эхлэн Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллийн санд байршуулж эхэлжээ. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийг насны бүлгээр бүртгэх үйл явдал 2008 оноос эхэлсэн байна. Монгол Улсад түүнээс өмнө (1998 он) ажилгүй хүн байгаагүй гэсэн үг үү гэсэн асуулт эндээс гарч ирнэ. Ажилгүй хүн байсан уу, үгүй юу гэдэг нь тусдаа. Харин бүртгэл судалгаа эндээс эхэлжээ гэдгийг ҮСХ-ны мэдээллийн сан хэлсэн хэрэг. Тэгэхээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн бүртгэл судалгааны ажлын талаар цааш нь дэлгэрүүлэх хэрэгтэй боллоо.


Үйлдэлийн хувьд ажил хайж байгаа хөдөлмөрийн насны (15 нас) иргэн аймаг нийслэлийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, хөдөлмөрийн биржүүдэд бүртгүүлнэ. Тэнд бүртгүүлснээр ажилгүй иргэд зуучлуулан төрийн байгууллага, аж ахуйн нэгжид мэргэжил, ур чадвар, өөрт тохирсон ажилд орох цалин, хөлстэй болох эхний нөхцөл бүрдэнэ. Энэ оны 8 дугаар сард 2000 иргэн шинээр бүртгүүлсэн. Харин бүртгэлтэй ажилгүй иргэдээс 362 иргэн ажилд зуучлагдан орсон байна. Дээрх байгууллагууд ажилгүй иргэдийг бүртгэж, ажилд зуучлахын зэрэгцээ бас бүртгэлээс хасдаг. Энэ оны 8 дугаар сард бүртгүүлсэн ч ажил идэвхтэй хайгаагүй гэдэг шалтгаанаар  тодорхой тооны иргэдийг бүртгэлээс хасчээ. Бүртэглээс хасагдсан иргэдийг  2019 оны 8 дугаар сартай харьцуулахад 29.2 буюу 1500 хүнээр буурсан байна. Тэгэхээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн жагсаалтаас хасагдах хүний тоо цөөрсөн нь зуучлагдан ажилд орсон иргэдийн тоо өссөн гэж ойлгож болох бололтой. Одоо бүртгэлтэй байгаа иргэдээс 18300 нь ажилгүй, 9700 нь ажилтай боловч өөр ажил хайж бүртгүүлсэн хүмүүс байгаа аж. Түүнийг 2019 онтой харьцуулахад гурван мянган хүнээр буурсан. Харин өмнөх сар (7 дугаар)-тай харьцуулахад 243 хүнээр өссөн байна. Тэдний 9700 нь эмэгтэй, 313 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа аж.


Аймаг нийслэлийн халамжийн хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад зөвхөн ажилгүй хүн хандахгүй гэж дээр хэлсэн. Ажлын нөхцлөө сайжруулах гэсэн ажилтай иргэд хандаж болно. Харин тэнд хандагдагсыг нийтэд нь”ажил хайгч” гэж нэрлэнэ. Иргэд орлоготой болох, орлого нэмэх үүднээс ийм алхам хийх хэргтэй гэж Халамж, үйлчилгээний ажилтнууд ярьж байна. Үнэн зөв мэдээлэлтэй хүн зөв шийдвэр гаргадаг гэж үздэг. Хэрэв иргэн та ажилгүй, ажлын нөхцлөө сайжруулна гэж үзвэл төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудад эхний ээлжинд хандах ёстой юм байна. Ажилтай орлоготой болоход таныг бүртгэнэ. Харин бүртгүүлэхэд таны оролцоо хамгаас чухал юм байна шүү. Бүртгэлтэй ажилгүй иргэн байх нь ажилтай болох анхны алхам байх магадлалтай. 

Холбоотой мэдээ