Жүдочид “Russian tour-2025 тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Челябинск хотод жүдо бөхийн “Russian tour-2025” тэмцээний гурав дахь цуврал боллоо.
Тус тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаагийн удирдлагад зургаан тамирчин оролцохдоо нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд О.Оюунчимэг алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр өмнө нь 57 кг-д зодоглож байсан бөгөөд жин хасаж 52 кг-д барилдахаар болсон байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 70 кг-д Д.Есүй нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд урам өгөх зорилготой энэхүү тэмцээнээс медаль хүртсэн тамирчид 2025 оны арванхоёрдугаар сарын финалын барилдаанд урилгаар оролцоно.
Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн сард болсон шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаярын удирдлагад манай эрэгтэй залуу жүдочид ОХУ-ын Хабаровск хотод болсон олон улсын цуврал тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн юм.