АРХАНГАЙ: Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд 3000 мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-20 11:34:10

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд Хотонт суманд мод тарилаа.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Архангай аймгийн Цэнхэрийн Орхон багт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэн Хотонт сумын улсын чанартай авто зам дагуу 3 га талбайд навчит, шилмүүст төрлийн 3000 гаруй мод тарьж байна. Өнгөрсөн хавраас эхэлсэн энэхүү ажлыг гурван жилийн хуацаанд хийх бөгөөд усалгаа, арчилгааг тогтмол хийх юм.


Архангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өмнөх онуудад тарьсан модны цэнэг усалгаа, нөхөн тарилтын ажлыг 19 сумын хэмжээнд зохион байгуулж, шинээр хашаа хамгаалалтыг шийдвэрлэж, 5 байршлын 15 га газарт нийтийн хэрэгцээний ногоон байгууламж байгуулж арчилгаа, усалгааг технологийн дагуу гүйцэтгүүлж байна. 


Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 21-01/102 дугаар  бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай байгуулсан гэрээгээр 2030 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаад 20 сая мод тарих үүрэг хүлээсэн.


Өнөөдрийн байдлаар 1.1 сая модыг тарьж, ургуулаад байна. 

Холбоотой мэдээ