Катар улс ДАШТ-2029-ийг зохион байгуулах хүсэлтээ гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-30 11:22:45

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 30/РИА Новости/. Дөрвөн жилийн дараа 2029 онд болох клубүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Катар улс илэрхийлсэн тухай The Guardian сонинд бичжээ.


Тус сонинд мэдээлснээр, Катарын төлөөлөгчид АНУ-д болж буй ДАШТ-ий үеэр Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ удирдлагатай уулзах үеэрээ “нүүрстөрөгчийн ялгаралгүй, ул мөргүй” тэмцээнийг зохион байгуулах, 2022 оны ДАШТ-д зориулан барьсан дэд бүтцийн байгууламжуудыг ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Одоо болж буй ДАШТ-ий үеэр тамирчид, хөгжөөн дэмжигчид олон хотуудын хооронд ниссэнээр нүүрстөрөгч тодорхой хэмжээгээр ялгарч байгаа бол Катарт ийм ялгарал “0” байх юм. Мөн 3 жилийн өмнө барьсан 9 цэнгэлдэх хүрээлэн бүгд хэвийн ажиллаж байна.


Эл хүсэлтийг ФИФА дэмжсэн тохиолдолд зуны хэт халуунаас шалтгаалан клубүүдийн ДАШТ-ийг 12 дугаар сард өвлийн улиралд зохион байгуулна. Гэхдээ энэ нь Европын лигүүдийн клубуудын тоглолтын хуваарьтай давхцах тул үүнийг эсэргүүцэх магадлал өндөр байгаа юм.  


Өмнө нь клубүүдийн ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ Испани, Марокко хоёр хамтран гаргасан бол Бразилын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Самир Шауд ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино-той уулзах үеэрээ “Бразил улс хүсэлтээ гаргана” гэдгийг мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ