Ой, хээрийн 12 түймрийг бүрэн унтраажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн таван хоногийн хугацаанд Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 12 түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд хоёр, Алтанбулаг суманд гарсан долоон ой, хээрийн гал түймрийг цурамд оруулжээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан дөрвөн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 542 алба хаагч, 74 автомашин, нэг нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 14 алба хаагч, хоёр автомашин, Цагдаагийн байгууллагаас 10 алба хаагч, нэг автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 246 хүн, 49 автомашинтай буюу нийт 858 хүн, 128 автомашинтай оролцож байна.
Улсын хэмжээнд он гарсаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 49.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эдгээр ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар 644.627 га талбай, таван байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, зургаан гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Бүртгэгдсэн нийт түймрийн 16.7 хувийг firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn болон бусад түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар илрүүлж, тухай бүрт шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.