ХОВД: Ирэх сард олон жилийн дунджаас бага хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-30 10:12:09

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирэх долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.  


Долоодугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь уулархаг нутгаар +8+14 градус, бусад нутгаар +14+20 градус дулаан байдаг. Харин тухайн сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар их нууруудын хотгор болон алтайн өвөр говиор 0-30 мм, бусад нутгаар 30-70 мм ордог. 

 

Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлж буй. 


Тэгвэл ирэх сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.

 

Долоодугаар сард нийт нутгаар хур тунадас харьцангуй бага байх боловч агаарын температур олон жилийн дунджаас дулаан байгаатай холбогдуулан халалтаас шалтгаалсан гэнэтийн аадар бороо орох магадлалтай.


Иймээс гол, нуурын усны түвшин нэмэгдэж, үер усны аюул үүсэхээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө. Мөн малчин, тариаланч болон иргэд, тээвэрчдийг цаг агаарын богино хугацааны мэдээлэлтэй тогтмол танилцаж, аюулт болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулав.


Холбоотой мэдээ