Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-27 12:26:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас эрхлэн гаргадаг Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг танилцууллаа. Уг тайлангаар санхүүгийн зах зээлд оролцогчдод үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьдог бөгөөд энэ удаагийн тайлан цар тахлын үед гарч буйгаараа онцлогтой юм.  


Covid-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт нэгдүгээрт, төлбөрийн тэнцлийн сувгаар, хоёрдугаарт, орлогын сувгаар, гуравдугаарт, зээлийн сувгаар тус тус нөлөөлж байна.


Тодруулбал, гадаад орчны эрсдэл нэмэгдэж экспортын голлох бүтээгдэхүүний үнэ, хэмжээ буурсан нь хоёрдугаар улиралд төлбөрийн тэнцэл 679,2 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлжээ. Түүнчлэн төсвийн орлого эхний 6 сард өмнөх оны мөн үеийнхээс 21,4 хувиар буурч, төсвийн тэнцэл 2,2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Мөн цар тахлын нөлөөнд автсан иргэд ААН-ийн орлого үлэмж хэмжээгээр буурсан нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учруулж санхүүгийн салбарыг эрсдэлд оруулсан байна. 


Нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс Загсийн газар ажлын байрыг хадгалах, айл өрх, компаниудыг дэмжих зорилгоор багц арга хэмжээ авч буй бол Монголбанк энэ хугацаанд бодлогын хүүг 2 удаа бууруулж 9 хувь хүргэн, хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах, ипотекийн зээлийн төлбөрийн хойшлуулах, арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг бууруулах, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сулруулах, валютын дуудлага худалдаагаар дамжуулан банкны гадаад валютын эрэлтийг хангах зэрэг хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлжээ. 


Цар тахлын нөлөөгөөр банкны системийн ашигтай ажиллагаа буурч, зээл олголт багасах боловч өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдхааргүй байна.


Банкны салбарын системийн дунджаар төлбөр түргэн гүйцэтгэх харьцааны үзүүлэлт энэ оны 6 дугаар сарын байдлаар 40,6 хувь буюу Монголбанкнаас тогтоосон доод хязгаараас 15 нэгж хувиар, нийт өөрийн хөрөнгө 15,6 хувь буюу  Монголбанкнаас тогтоосон доод хязгаараас 3,6 нэгжээр тус тус өндөр байна. Түүнчлэн банкны системд хийсэн стресс тэнцлийн үр дүнгээс харахад цар тахлын нөлөөгөөр банкны системийн ашигт ажиллагаа буурч, зээл олголт багасах боловч өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөр түргэн гүйцэтгэх чадвар алдагдахааргүй байна. Банкнаас бусад санхүүгийн салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой байгааг судалгаа харуулжээ. Монгол Улсын арилжааны банкуудын санхүүжилтийн гол эх үүсвэрийг иргэд, ААН-ийн харилцах хадгаламж бүрдүүлж буй бөгөөд уг санхүүжилтийн эх үүсвэр нь өндөр төвлөрөлтэй байгааг Монголбанкнаас онцлов. 


Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 2020 онд 4,9 хувиар агших хүлээлттэй байгаа. Энэ нь 2008 оны эдийн засгийн хямралтай харьцуулахад өндөр үзүүлэлт болж байна. Мөн зах зээлд үүсэж буй тодорхой бус байдлаас үүдэн санхүүгийн салбараас хөрөнгө татах, хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэж, хөгжиж буй орнуудын засгийн газрын бондын үнэ огцом унах, долларын хомсдол бий болж байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн тэмдэглэлээ. 


Үргэлжлүүлэн Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа долдугаар сарын статистик мэдээллийг танилцуулав.


Долдугаар сард нийт мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгө өмнөх оны үеийнхээс 5,8 хувиар өсөж, 21,5 их наяд төгрөгт хүрчээ. Энэхүү өсөлтөд гадаад валют, төгрөгийн хадгаламж голлон нөлөөлжээ. Мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл дотоод цэвэр актив 18,4 их наяд төгрөг, гадаад цэвэр актив 3,1 их наяд төгрөг байна.


Нийт зээлийн 18 хувийг цалин тэтгэврийн зээл, 16 хувийг худалдааны зээл, 12 хувийг үл хөдлөх хөрөнгийн зээл эзэлж байна


Банкны системийн нийт зээл долдугаар сарын байдлаар 17,2 их наяд төгрөгт хүрчээ. Үүний 15,6 их наяд төгрөгийг төгрөгийн зээл, 1,6 их наяд төгрөгийг валютын зээл эзэлж байна. Долдугаар сард нийт зээлийн хэмжээ өмнөх сарынхаас 0,3 хувиар буурч, чанаргүй зээлийн хэмжээ 24,6 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 128 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Ингэснээр нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 6,6 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 11,3 хувьтай тэнцүү болжээ. 

Ипотекийн зээлийн дундаж хүү 10,7 хувь байна


Долдугаар сард банкууд нийт 1077 зээлдэгчид 74,8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосны 57,3 хувийг хөтөлбөрийн зээл, 42,7 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү долдугаар сарын байдлаар 10,7 хувьтай тэнцүү байна. 


Хадгаламжийн хүү 10,5 хувь, зээлийн хүү 15,8 хувь байна 


Банкуудын шинээр татсан төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 10,5 хувь, гадаад валютынх 3,2 хувь байна. Харин долдугаар сард шинээр олгосон зээлийн дундаж хүү 15,8 хувь, гадаад валютынх 10,6 хувьтай тэнцүү байна. 


Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж нэмэгджээ


Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлынхаас 300 сая ам.доллароор нэмэгджээ. Засгийн газрын гадаад өр 655 сая ам.доллароор нэмэгдэхэд АХБ, ОУВС, БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл 391 сая ам.доллар, нөгөөтэйгүүр гадаад зах зээл дээр арилжсан Засгийн газрын бондын зах зээлийн үнэлгээ 260 сая ам.доллароор нэмэгдсэн нь тус тус нөлөөлжээ. Харин ХХБ-ны бондын өр төлөгдсөнөөр банкны салбарын гадаад өр хоёрдугаар улиралд 510 сая ам.доллароор буурсан байна. 


  

Холбоотой мэдээ