Монгол Улсыг хоёр дугаар шатлалд оруулж, зэрэглэлийг дээшлүүлжээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-07-30 10:33:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн хуулиар (УИХ 2017 онд шинэчлэн баталсан) хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. Тус хуулийн 13.1 дүгээр  зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний  эсрэг үйлдсэн бол 2-8 жил, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар тус бүр хорих ял оноохоор заасан. Эрүүгийн хууль ингэж шинчлэгдсэнээр Монгол улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа дээшлүүлсэн гэж 2019 оны хүн наймалах төлөв байдлын тухай тайланд дурьджээ.


Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг нь бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйхүйц  болсон. Тайлант хугацаанд төрөөс хүний наймааны 17 хэрэгт (2017 онд 12 хэрэг) 62 этгээдийг буруутган  мөрдөн шалгаснаас 21 хүнд ял шийтгэл ногдуулсан (2017 онтой харьцуулахад эрүүгийн хуулийн 13.1-р зүйлийн дагуу 15, 12.3-р зүйлийн дагуу 6 яллагдагч) байна.


Шүүхээс 2017 онд нэг ч хэрэгт ял шийтгэл ногдуулаагүй. Харин 2018 онд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн дагуу хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн 5 хүн, мөн хуулийн 12.3 дугаар зүйлийн дагуу нэг этгээдийг тус тус ялласан байна.   ЦЕГ-ын мэдээлснээр  яллагдагчид 12 жилийн хорих ял оноосон тоо баримт тус тайланд багтжээ.


Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 оны эхээр хэрэгсэхгүй болгосон зарим гэмт хэргүүдийг дахин шалгаж, албан ёсоор мөрдөх ажлын хэсэг байгуулсан. Гэвч тайлант хугацааны төгсгөлд хэргүүдийг эцэслэн шийдвэрлээгүй байсан гэнэ. Энэ тохиолдлыг олон улсын ажиглагчид төрийн зүгээс хүн худалдаалах гэмт хэрэгт яллагдсан зарим этгээдийг хугацаанаас нь өмнө суллах  өршөөнгүй үйлдэл гэж үзжээ. Төрийн өршөөнгүй үйлдэл нь тэднийг энэ төрлийн гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдэх байдалд хүргэж болзошгүй хэмээн болгоомжлуулжээ. Ийм төрлийн гэмт хэргийн нөгөө талд нь хохирогчийг онцгойлон авч үзэх шаардлагатай байдаг юм. Энэ талаар тус тайланд хэрхэн тусгасныг дэлгэрүүлье.


Эрх бүхий байгууллагууд хүний наймааны 20 хохирогчийг илрүүлж, ТББ-ын хохирогч хамгаалах үйлчилгээнд 2018 онд зуучилсан (2017 онд энэ талаар мэдээлэл байгаагүй).  Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг “Хүйсийн тэгш эрхийн төв” (ХТЭТ) ТББ-д 2018 онд 95 сая төгрөгийн (35,950 ам.доллар) санхүүжилт олгосон. Тус байгууллагын хохирогчдод үйлчилдэг хоёр хамгаалах байрны үйл ажиллагааг өргөтгөхөд, тэр санхүүжилтийн ихэнх нь зарцуулагдсан. Хоёр байрны нэг нь л эрэгтэй хохирогчдод үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харин  хөгжлийн бэрхшээлтэй хохирогчдод хүртээмжгүй. Хүний наймаанд өртөх эрсдэл бүхий хүн амын бүлгээс хохирогчдыг таньж илрүүлэхэд хэрэглэх 11 асуулт бүхий хүний наймааны эрсдэлийн үнэлгээний шалгах асуултуудыг ашигласан гэж мэдээлжээ. Гэвч хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах системтэй журам тогтоогоогүй өнөөдрийг хүрсэн (2019 он). Үүний  улмаас дээрх  ажлууд  ТББ-ын  албан хаагчдын зүтгэлээр бий болсон гэж  олон улсын байгууллагын тайланд онцлон тэмдэглэжээ.


Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) нь 12 хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээгээр хангахын тулд хэд хэдэн ТББ-тай гэрээ байгуулан ажилласан (2018 он) байна. Энэ хүрээнд ХТЭТ ТББ хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон 1 хүнд, бэлгийн мөлжлөгийн 38 хохирогчид туслалцаа үзүүлжээ (2017 онд нийт 29 хүнд тусалсан). Тэднээс насанд хүрсэн хохирогчид нь бүгд эмэгтэй байсан. Харин насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хохирогч нийт 6  хүүхдийн 1 нь эрэгтэй  байсан гэж тус тайланд дурдсан байна.


Эмэгтэйчүүд, охид хүний наймааны хохирогч болдог гэх ташаа ойлголт дийлэнх төрийн алба хаагчдын дунд байдаг. Гэтэл дээрх баримтаас үзвэл эрэгтэй хүн ийм гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол байна. Уг төрлийн гэмт хэрэгт өртсөн эрэгтэй хохирогчийг эрүүгийн хэргийн дээрх зүйл ангид хамруулдаггүй байжээ. Энэ нь тухайн гэмт хэрэг үйлдэгчдэд  хөнгөн ял ногдуулах, ял завших боломж гаргадаг гэж олон улсын ажиглагчид  онцолсон байна.


УИХ Эрүүгийн хуулийг 2017 онд шинэчлэн баталсан нь Засгийн газраас хүний наймааг таслан зогсооход мэдэгдэхүйц хүчин чармайлт гаргах үндсэн суурь болжээ. Тус хуулийн шинэчлэлийн хүрээнд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлснийг олон улсын ажиглагчид 2018 оны үзүүлэлтийг 2017 оны дүнтэй харьцуулаад өсөлт гарсан гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтийг үндэслэн Монгол Улсыг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх түвшний хоёр дугаар шатлалд оруулж, зэрэглэлийг нь дээшлүүлжээ. Жил бүрийн 7 дугаар сарын 30-нд дэлхийн хүний наймааны эсрэг тэмцэх өдрийг тэмдэглэдэг.

Холбоотой мэдээ