Тарваган тахлын оношийг эцэслэн тогтоохоор ажиллаж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-07-26 14:57:13

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт ЗӨСҮТ-н ерөнхий захирал Анагаах ухааны доктор Н.Цогбадрах Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажиллаж байна.

Түүнийг ажиллах үеэр өчигдөр буюу 7-р сарын 25-ны өдөр Улиастай сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан байна. Дээрх өвчтөний хөөмийн арчдас, булчирхайн шүүдэс зэрэгт нян харах болон нян судлалын шинжилгээг аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийж байна.
Мөн өвчтөний хөөмийн арчдас, булчирхайн шүүдэс, цусны ийлдэс зэрэгт Тарваган тахлын түргэвчилсэн оношлуур тестээр шинжилгээ хийж үзэхэд тарваган тахлын өвөрмөц эсрэг төрөгч илрээгүй сөрөг гарсан байна. ЗӨСҮТ-н ерөнхий захирал Анагаах ухааны доктор Н.Цогбадрах Завхан аймагт ажиллах үеэрээ өөрийн биеэр энэ ажлыг удирдан зохион байгуулж ажиллалаа. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж заавар зөвлөмж чиглэл өгч мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн хяналтад авсан. Оношийг эцэслэн тогтоох үйл ажиллагаа үргэлжилж байна хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

Баруун аймгуудад тарваган тахлын идэвхжил өндөр байна гэв

Монгол Улсын хэмжээнд  17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бий.

Тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байна. Завхан аймгийн хувьд нийт нутаг дэвсгэрийн 74.2 хувь буюу 17 сум тарваган тахлын голомттой. Үүнээс Эрдэнэхайрхан, Яруу, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино, Отгон зэрэг сумдад тарваган тахлын голомтын идэвхжил өндөр байна. Нэг тохиолдол илрэхэд эрүүл мэндийн салбараас гадна өөр олон салбар зэрэг ажилладаг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг тохиолдлыг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх гээд дунджаар 50-100 сая төгрөг зарцуулж байна. Цаашид халдвар тархвал үүнээс их зардал зарцуулна гэсэн үг. Тиймээс иргэдийн хариуцлагагүй болгоомжгүй үйлдлээс болж эдийн засгийн маш их хохирол үүсэх эрсдэл байсаар байна. Ер нь тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзээд Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу тусгайлсан хариу арга хэмжээ авдаг учраас зардал өндөр гардаг. Тийм л учраас эрсдэлтэй үед урьдчилан сэргийлэх, болгоомж иргэн бүрд хэрэгтэй байна гэдгийг Зоонозын өвчин судлалын төвөөс дахин санууллаа.


 Сэжигтэй тохиолдол илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай гэлээ


Тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахаас заавал татгалзаарай хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулж байна.

Энэ үеэр иргэд хамгийн гол нь тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байх хэрэгтэй. Тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхгүй байх, тарвагыг нохойгоор бариулахгүй байх хэрэгтэй. Тарваганы түүхий мах эд, эрхтнийг хот суурин газарт оруулахгүй байх.

Хүүхдийг тарваганы дошин дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх. Хөдөө хээр явахдаа шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх.

Тарваган тахлын эсрэг вакцин тариулах. Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх. Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих. Гэрийн нохойг байнга уяатай байлгах хэрэгтэй.

Хөдөө, хээр үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх. Хэрэв үхсэн тарвага, мэрэгч амьтадтай таарвал энэ тухайгаа Зоонозын өвчин судлалын төвд 7046-2432, 9203-0222 утсаар яаралтай мэдээлэх. Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөөрэй хэмээн Зоонозын өвчин судлалын төвөөс дахин сануулж анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ