Хомын талын тахь адуу 100 толгойд хүрчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-07-23 19:09:39

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Дөрвөлжин суманд өсгөн үржүүлж буй тахийн тоо 100 толгойд хүрчээ. Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөж үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийн дасаж идээшжээ.

Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд анх Франц улсаас 2004 онд 12, 2005 онд 10, Чех улсаас 2011 онд дөрвөн тахь тус тус тээвэрлэн авч ирж сэргээн нутагшуулсан нь амжилттай өсөж үржсэн нь энэ буй. Сонирхуулахад энэ жилийн ууган унага маань тавдугаар сарын зургааны өглөө мэндэлсэн. Ууган унага маань Рубин нэртэй гүүнээс төрсөн охин унага юм.  


Манай ажилтнууд ажиглалт судалгааг жилийн дөрвөн улиралд хийж байгаа бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж байгаа. Мөн манай цогцолбор газар дээр Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүсийн Их нууруудын хотгорын газарзүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлог бүхий орчинд тахь ийнхүү амжилттай нутагших боломж бүрдсэн. Хамтын ажиллагаа ч сайжирсан хэмээн Хомын талын тахь ТББ-ээс мэдээлэв.

“Хомын тал” байгалийн цогцолборт газар болжээ



Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сард байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар хэлэлцэн баталжээ.

Түүний нэг нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар тус тус бүртгэж авахаар болсон сайхан мэдээ юм.  Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын тал нь 2900 км квадрат нутагтай.


Тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах ажил өнгөрсөн 2017 оноос эхэлж өнөөдөр ийнхүү байгалийн цогцолборт газар болон хамгаалалтад оржээ.

Анх 2004-2005 онд Тахь Холбоо Францын өмнөд хэсэгт байрладаг Виларре тусгай хамгаалалттай газраас 22 тахийг Монголын баруун хэсэгт орших Хар Ус Нуур байгалийн цогцолбор газарт хамаардаг Хомын талд авчирчээ.

Орон нутгийн малчидтай хамтран 14,000 га газрыг хамгаалалтад авч тахийн зан авирт ажиглалт хийж байна.


Бидний эцсийн зорилго бол хамгаалалтын хашааг буулгаж зэрлэг адууг онгон байгальд нь буцааж тавих зорилготой. Үүний тулд зэрлэг, тэжээмэл адууг цус холилдон эрлийзжихээс сэргийлэх, зэрлэг ба тэжээмэл өвсөн тэжээлтэн амьтдад тохирсон амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа хэмээн Хомын талын тахь ТББ-ээс мэдээлэв.


Тахийн сүрэгт хамгаалалтаас илүү өргөн дэлгэр нутаг чухал юм

Дэлхийд ховор зэрлэг адуу тахийг илүү олон болгож, хамгаалахын тулд бид яах ёстой вэ. Энэ тоог улам олон болгох, сүргийн бүтцийг алдагдуулахгүй хамгаалахад хамгийн чухал зүйл нь өргөн дэлгэр газар нутаг.

Хэдийгээр тахийг хамгаалахын төлөө дархан цаазат болон хамгийн таатай байж болох бүс нутагт нь байршуулж байгаа ч өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай бус болоод байгааг судлаач, холбогдох албаныхан онцолж байна.


Жил ирэх тусам тоо толгой нь өсөж байгаа тахийн сүрэгт өдгөө хамгаалалтад авснаас илүү өргөн цэлгэр тал хэрэгтэй байгаа нь тэдний бэлчээр, сүргээрээ идээшилж байгаа байдлаас тодорхой харагдаж байгаа аж. Гэвч нөгөө талаас жил ирэх тусам малын тоо өсөж, бэлчээрийн даац хэтэрч, мал бэлчээрлэж болох газар бүрд малчид оторлож, олонх нь тухайн газартаа суурьших болсон.

Энэ нь малд таатай ч, тахь тэргүүтэй зэрлэг амьтдад сөрөг нөлөө үзүүлж байна. Тахийн бэлчээр газар нутгийг нь хумьж, идэш хоол, тэжээлийг нь булаан, зарим амьтан устаж үгүй болох. Орос, Хятадын нутаг руу дайжих нэгэн шалтгаан болоод байгаа юм.

Үүнээс хамгаалах хамгийн зохимжтой нэг арга нь тахь нутаглаж, идээшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хамгаалалтад авсан газрын хэмжээг өргөтгөх юм. Ингэснээр тахьтай хамт дэлхийд нэн ховор ургамал, амьтныг давхар хамгаалах боломжтой юм. Бид энэ боломжийг өнгөрсөн жилээс илүү их ашиглаж, судалгаа шинжилгээгээ өргөтгөн ажиллаж байна хэмээн Хомын талын тахь ТББ-ын Дөрвөлжин сум дахь төлөөлөгч мэдээлэв.


“Хомын тал орчмын шувууд" гэрэл зургийн ном хэвлэгджээ


Хомын Талын Тахь ТББ-аас бэлтгэсэн "Хомын тал орчмын шувууд" гэрэл зурагт лавлах ном энэ онд хэвлэлтээс гарлаа.

Энэхүү номд Дөрвөлжин сумын Хомын тал орчмын суурин болон нүүдлийн амьдралтай нийт 141 зүйлийн шувуудын үндсэн шинжийг тодорхой судалгаатай бичиж тэмдэглэсэн.

Мөн тэдгээр шувуудын амьдралын онцлогийг гэрэл зурагт буулгаж энэхүү номд багтаасан. Тус лавлах, ном маань монгол болон англи хэл дээр хэвлэгдсэн байгаа. Номыг бүтээхэд маш олон судлаач, гэрэл зурагчид, нутгийн уугуул иргэд хамтран оролцсон юм. Сонирхолтой, судалгаатай, гэрэл зурагтай цогц эмхэтгэлийг бүтээхэд оролцсон бүх хүнд талархал илэрхийлж байна хэмээн Хомын талын Тахь ТББ-ээс дуулгалаа.

Хомын талын хүүхдүүдийн зуны сургалтыг жил бүр хийж байна


"Хомын талын тахь" ТББ-аас 2008 оноос хойш жил бүр Хомын талын хүүхдүүдэд зориулж эрдэм шинжилгээний зуны сургалтыг зохион байгуулж байна.

Нэг удаагийн сургалтаар 30 гаруй хүүхдүүд нэг долоо хоногийн хугацаанд цугларч усны эргэлт, ургамлын бүтэц, ургалт, насжилтыг танихаас эхлэн цэвэр усны сав ашиглах гэх мэт шинжлэх ухааны олон төрлийн сэдвээр ярилцангаа суралцдаг байна.

Хүүхдүүдэд судлаач, мастер оюутнууд, Тахь холбооны ренжер О.Мөнхтогтох нар хичээлийг зааж явуулдаг байна. Тэдний сүүлийн сургалт “Цөлжилт” сэдвийн дор амжилттай зохион байгуулагджээ.

Сургалтад Хомын талын 40 хүүхэд оролцсоноос гадна Дөрвөлжин сумын ерөнхий боловсролын сургуулийн “Амин нутаг- амьдрах ухаан” эко клубийн 13 сурагч очиж оролцжээ.

Уламжлал болсон энэ сургалтын зорилго нь бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийг эх нутгаа хайрлан хамгаалдаг. Байгальд ээлтэй хүн болон төлөвшүүлэхэд бага ч болов тус болдог гэж боддог юм.


Хамгийн анхны зуны сургалтад оролцож байсан сурагч өнөөдөр тахийн байгаль хамгаалагчаар ажилд орсон нь үүний нэг тод жишээ юм. Бидний тахь сэргээн нутагшуулж буй Хомын талын уугуул иргэдтэй бид 16 жилийн турш хамтран ажиллаж ирсэн билээ. Эдгээр хагас нүүдэлчин хүмүүс маань ойролцоогоор 60 гаруй өрхөөс бүрддэг ба 2900 км/квадрат нутагтай.

Бидний зорилго бол тэдэнтэй тогтвортой мал аж ахуй, тахь болон түүний уугуул нутагт аюул заналхийлгэхгүй тал дээр хамтран ажиллах л юм.

Өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхэд зуны сургалтад хамрагдаж байгаль цаг уурын өөрчлөлт, амьтдын зүй тогтол, тахь хэмээх дэлхийд ховордсон амьтны хамгаалалт, тоо толгой, тахийн зан байдал, онцлогийн талаарх мэдээллийг аваад байгаа хэмээн Тахь ТББ-ээс баяртайгаар дуулгав.

 

Хомын талын уугуул иргэдийн бүтээл францад эрэлт ихтэй болжээ


Ноос ноолуураар дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын "Brun de Vian Tiran" компанийн үйлдвэр Хомын талын торомны ноосоор “Хомын тал” нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргажээ.

Өнгөрсөн жилийн зул сарын онцлох бүтээгдэхүүн нь Хомын талын торомны ноосон бүтээгдэхүүн байсан тухай Тахь ТББ-ээс дуулгав. Манай ТББ-ээс Хомын талын малчдын торомны ноос жил бүр энэхүү үйлдвэрт экспортлогддог бөгөөд энэ нь малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна малчдын дунд тэмээг түлхүү өсгөх хандлагыг бий болгож байна.

Хомын талын нутгийн малчин эмэгтэйчүүд “Эвсэг эмэгтэйчүүд" ТББ байгуулж ноосон гар эдлэлийн бүтээгдэхүүнийг урлаж худалдан борлуулж байна. Нутгийн малчин эмэгтэйчүүд төслийн дэмжлэгээр тэмээний ноосон эдлэлээр гар урлал урлах сургалтад хамрагдсаны үр дүнд 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа.  

Өнөөдрийн байдлаар "Эвсэг эмэгтэйчүүд" ТББ-ын 15 эмэгтэй 150 гаруй төрлийн ноосон бүтээгдэхүүнийг урлаж худалдан борлуулжээ. Эдгээр ноосон бүтээгдэхүүнийг Францын Виларе төвд зун болгон худалдаалдаг.


Зун хонины ноос, тэмээний ноосыг цуглуулж боловсруулаад, хавар гишүүн эмэгтэйчүүд цугларч Францад зарагддаг ноосон бүтээгдэхүүнийг хамтарч үйлдвэрлэдэг болсон. Ноосон эдлэлээс олсон ашиг орлогоо багийн эмэгтэйчүүд өөрсдийн аж ахуйдаа зарцуулдаг юм. 

Ер нь манай ТББ-ээс уугуул нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөл, бусад малчдыг хоршиж хөдөлмөрлөх боломжийг олгож тэдний эсгий, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг олон улсад худалдах, сурталчлах ажилд дэмжлэг үзүүлдэг.


Мөн бид хөтөлбөрүүдийнхээ хүрээнд харилцаа, боловсрол ба хууль эрхзүйн талаарх мэдээллийг уугуул иргэдэд өгч байгаа. Түүнчлэн Хомын талын малчид болон тэдний хүүхдүүдэд зориулсан үндсэн ба шинжлэх ухааны нийтлэл, товхимлыг гаргах, малчдын уулзалт, жил бүрийн хүүхдийн зуны сургууль зэрэг үйл ажиллагаануудаараа байнгын харилцаж хамтарч ажиллаж байгаа хэмээн Хомын талын Тахь ТББ-ээс дуулгав.  




























Холбоотой мэдээ