Гудамжны номын сангаас дуртай үедээ ном авч уншиж болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд хуучин хөргөгч ашиглан гудамжны
номын сан нээж ажиллуулснаар 40 гаруй хүүхэд үйлчлүүлээд байна.
Тодруулбал, Нутгийн удирдлагын ордны урд талбайд байрлах энэхүү “Гудамжны номын сан”-г “Дэвшил” сургуулийн 10-р ангийн төгсөгч, Улаанбаатар хотын “Абсолют” ахлах сургуулийн 12а ангийн сурагч Энх-Амгалангийн Оюунбилэг санаачлан гэр бүл найзуудынхаа дэмжлэгээр байгуулжээ.
Тэр бээр хоёр ширхэг хуучин хөргөгч ашиглаж будаж янзлаад ийш тийш зөөвөрлөхөд хялбар
болгожээ.
Түүний номын санд уран зохиол, гадаад хэл, түүх соёлын холбогдолтой сонирхолтой номуудаас гадна сурах бичгийн 200 орчим ном бий.
“Street library” нь гудамжинд байрлахын учир нь хүүхэд залуучууд олноор цуглардаг цэцэрлэгт хүрээлэнд амарч зугаалахдаа өөрсдийн сонирхсон номыг авч унших, мөн мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах, цагаа үр дүнтэй өнгөрүүлэх найз нөхдөө олох боломжийг оюутан залуучууддаа олгоод буй юм.
Түүнчлэн бага насны хүүхдүүдээ
салхилуулж яваа эцэг эхчүүд, эмээ өвөө нар ч тус номын сангаас хүссэн номоо авч
уншаад буцаагаад өгөх боломжтой ажээ.
Мөн хүн бүр сонирхсон номоо авч уншихаас гадна хуучин номоороо солих, номын фондыг баяжуулах боломжтой.
Өнөөдрийн байдлаар гэхэд 40 гаруй хүүхэд үйлчлүүлж номуудаа ариг гамтай хэрэглэж, өөрсдийн уншсан номыг авчирч өгч байна.
Манай номын сан тохирсон дүрэмтэй, дүрмийн дагуу хэн ч үйлчлүүлэх боломжтой юм. Ер нь зуны дэлгэр цагт хүүхэд залуучууд маань цагаа үр бүтээлгүй өнгөрүүлэх, цэцэрлэгт хүрээлэнд зүгээр л хоорондоо ярилцах гэж ирдэг юм шиг санагддаг.
Тэгвэл бидний энэхүү гудамжны номын сан маань Улиастайчуудын хэрэгцээг хангасан зочлох дуртай нийтийн номын сан байгаасай гэж хүсэж байна хэмээн номын санг санаачлагч сурагч Э.Оюунбилэг ярилаа.
Ташрамд хүүхдүүд
номоо уншчихаад цэцэрлэгт хүрээлэнгийн хогийг хэд хэдэн удаа цэвэрлэжээ. Тэд
бусад хүүхдүүд болон, иргэдийг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахдаа хогоо хогийн
саванд хийж сураарай гэж уриалж байв.