Уянга суманд уулын үер бууж мал урслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-06-30 16:48:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 28,29-ний өдрүүдэд Өвөрхангай аймгийн хойд сумдаар хүчтэй бороо орж, мөндөр буулаа. Үүний улмаас Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэх газарт уулын үер бууж, малчин У-ын 7 үхэр урссан байна.

Сумын ЗДТГ-ын дарга З.Дагвасүрэнгээс мэдээллийг тодруулахад “Сумын төвөөс хойш 8 орчим км-т гэнэт үер буусны улмаас бэлчээрлэж явсан 5 үхэр, 2 тугал урссан. Өөр хохирол гараагүй. Сумын Онцгой комиссын ажилтнууд хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулсан” гэв.

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны Синоптикийн ахлах инженер М.Бямбасүрэнгээс цаг агаарын нөхцөл байдлыг тодрууллаа. Тэрээр “Станцын мэдээнээс харахад  Уянга суманд хур тунадас 28-ны өдөр 12 мм, 29-ний өдөр 2 мм байсан. Тухайн өдөр нутгийн зүүн хэсгээр ахиу хэмжээний бороо орсон. Тэгэхээр уруйн үер нь тухайн нутагт гэнэт үүсээгүй, алсаас ирсэн гэж дүгнэж байна.  Ирэх өдрүүдэд ч уулархаг нутгаар хур тунадас ихтэй байна. 7 дугаар сарын эхний 10 хоногт түр зуурын аадар бороо тасралтгүй орох төлөвтэй байгаа” гэв.

Холбоотой мэдээ