ДЭМБ коронавирусний эсрэг арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-23 09:19:53

ЖЕНЕВ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад даваа гарагт уриалжээ.


“Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж Т.Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цаашид энэ үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэн нэмэгдэж болзошгүй байгааг тэрбээр тэмдэглэсэн байна.


ДЭМБ-ын тэргүүн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдлуудаас шинжилгээ авах, халдвар авсан хийгээд тэдэнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг дахин эрчимжүүлэхийг улс орнуудад уриалжээ.


Мөн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майкл Райан Америк, Өмнөд Ази болон хүн ам ихтэй орнуудад халдварын тархалт нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, олон оронд халдварын оргил үе нэгэн зэрэг эхэлж байгаа юм уу эхлэх төлөвтэй байгаа ажээ.


Мөн М.Райан АНУ-д залуучууд халдвар авах нь нэмэгдэж байгааг онцолжээ. Үүнийг зөвхөн шинжилгээг сайн хийж байгаатай холбон тайлбарлах боломжгүй хэмээн тэрбээр хэлээд, залуучууд илүү их гадуур гарч, хөл хөдөлгөөнийг бууруулах хязгаарлалтуудын давуу талыг ашиглаж байгаатай холбоотой байж магадгүй гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ