Их Британи халдварын тархалтын хамгийн эрсдэлтэй үеийг туулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-28 09:01:59

ЛОНДОН. /BBC/. Бид коронавирусний халдварын тархалтын хамгийн эрсдэлтэй үеийг туулж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдээд, хөл хорионы үед тэсвэр тэвчээрээ алдахгүй байхыг иргэддээ уриалжээ.


Б.Жонсон эдгэрснээсээ хойш ард түмэндээ хандан анх удаа үг хэлж буй нь энэ юм. Ерөнхий сайд хөл хориог сулруулснаар халдварын тархалт дахин нэмэгдэхэд хүргэж болзошгүй тул ийм шийдвэрийг ойрын хугацаанд гаргахгүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Үндэсний эрүүл мэндийн газрын хорт хавдрын эмчилгээ гэх мэт үйлчилгээг эхлүүлэх ажээ.


"Их Британи таван шалгуурыг хангасан тохиолдолд хязгаарлалтыг сулруулах бөгөөд үүнд нас баралтын түвшин тогтмол буурах, Үндэсний эрүүл мэндийн газар үүссэн нөхцөл байдлыг даван туулах боломжтой болох зэрэг багтана" гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Үүнээс гадна Засгийн газар халдварын голомтод ажиллаж байхдаа халдвар авсны улмаас нас барсан эмнэлгийн ажилтнуудын гэр бүлд 60 мянган фунт стерлингийн нөхөн төлбөр олгохоор болжээ.


Их Британид өчигдөр халдвараар 360 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 21092-т хүрчээ. Үндэсний эрүүл мэндийн газрын 82 ажилтан, 16 асрагч нас баржээ. Ташрамд дурдахад, Их Британид асрамжийн газарт болон гэртээ нас барсан хүмүүсийг албан ёсны тоонд оруулдаггүй байна. 


Холбоотой мэдээ