БНХАУ ДЭМБ-д дахин 30 сая ам.доллар хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-24 11:54:01

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ “COVID-19” халдвартай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулж, хөгжиж буй орнуудийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах үүднээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБдахин 30 сая ам.долларын хандив үзүүлэхээр боллоо гэж тус улсын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээллээ.


“ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус “COVID-19” цар тахал дэгдсэн энэ үед үүргээ сайн биелүүлж, шинжлэх ухаанд тулгуурласан, шударга байр суурийг баримталж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, халдвар тархсан улс орнуудад тусламж үзүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байна” гэж Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.


Энэ хүнд цаг үед ДЭМБ-д дэмжлэг үзүүлснээр олон талт зарчмуудыг хамгаалж, НҮБ-ын статусыг баталгаажуулна гэж тэрбээр хэлжээ. Мөн хэвлэлийн төлөөлөгч коронавирусийг хүн төрөлхтөний дайсан хэмээн тэмдэглээд, олон улс нэгдмэл байж, хамтран ажилласнаар үүнийг ялан дийлнэ гэж нэмж хэлжээ.


БНХАУ өнгөрсөн гуравдугаар сард “COVID-19” халдвартай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс ДЭМБ-д 20 сая ам.доллар хандивласан юм. 

Холбоотой мэдээ