Металл дээр паалан суулгаж урласан мөнгөн аяга Сүхбаатар аймгийн музейд бий

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-23 15:28:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХХ зууны төрийн их дархан М.Балдан-Осор нь алт мөнгөөр урлахын зэрэгцээ ган төмөр сийлж, зэс, гууль төмрийг ч хээлж, гангар шаазанг мөнгөлж, пааландаж, алт мөнгөөр шарах, өнгөлөх арга ухааныг сайн эзэмшсэн олон талын ур ухаантай дархан хүн байжээ. Энэ удаад түүний металл дээр паалан суулгаж урласан мөнгөн аягыг товч танилцуулж байна.

Монголд анх удаа гэж хэлж болохоор металл дээр паалан суулгаж хийсэн мөнгөн аяга нь өдгөө Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байна. Металл дээр пааланг суулгахдаа зүгээр ч нэг суулгаагүй аж. Аяганы ёроолын хүнхэр хэсэгт пааланг өнгө ялгаруулан суулгасан байна. Ингэхдээ хангарьд шувууг дүрсэлж, түүний гадуур тэнгэрийн амьтан болох хос лууг үүлэн хээн дунд өөд өөдөөс нь харуулан урлажээ. Энэхүү аягыг хоёр хувь хийсэн бөгөөд хоёулаа тус музейд хадгалагдаж байна. Аяганууд нь тус бүр нэг литрийн багтаамжтай аж.


Дархан Мятавын Балдан-Осор нь 1912 онд Дарьгангын сүрэг хошууны хоньчин гарын нутаг Онгон элсний Гүн-булаг буюу одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутагт төржээ. Тэрээр бага наснаасаа шашны ном заалгаж, сахил хүртэж, хошууны хийдэд цөөн жил хуралд сууж ойр зуурын уншлагатай болсны зэрэгцээ мөн эцэг эхдээ тусалж, удамтай дархчуудын дунд өссөн болохоор багаасаа өөрөө урлан бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүүхэд байжээ.
М.Балдан-Осор нь 11 наснаасаа эхлэн уран дархны ажил сонирхож, 20-оод наснаасаа өөрийн ах Цэвэгсүрэнгээр мөнгөөр урлах арга эвийг заалган өөрөө биечлэн гүйцэтгэж ирсэн байна. Тэрээр удалгүй нутаг усандаа нэртэй дархчуудын нэг болсон. Энэ үедээ Дарьгангын удам дамжсан их дархчуудаас өв залгамжилж үлдсэн “Их шар дархан” гэж алдаршсан Д.Молом, “Бага шар дархан” Д.Дүйнхэр нартай танилцаж, тэдэнд шавь орж, тэдний давтагдашгүй хийцээс өвлөн, өөрийн өнгө төрхтэй хийцээр баяжуулан бүтээлээ туурвиж ирсэн байна.
”Сайн дархнаас суралцах гэдэг нь тэдний хийснийг яг дуурайх биш, зөвхөн хийж бүтээсэн арга ухаанаас нь мэдэж, өөрийн гэсэн өнгө төрхтэй эдлэл бүтээхийг хэлдэг. Хийсэн бүтээлийг нь хараад эзнийг нь таньдаг байх ёстой. Тэгж байж бусдаас ялгарах олон янз ур хийц дэлгэрэх бөгөөд жинхэнэ давтагдашгүй дархан төрдөг билээ” гэж өөрөө ярьж байсан
түүхтэй гэдэг.

Холбоотой мэдээ