Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхийг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-17 12:42:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой өчигдөр уулзав.


Тус улсад амьдарч байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжихийг УИХ-ын дарга хүслээ. Тэрбээр “Манай иргэнийг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц болгох зорилгоор хоёр орны парламентууд Ажлын хамтарсан баг байгуулж ажиллах санал тавьж байна” гэв.


Ноён Дато Мохд Рашид Хаснон, “Шинэ Засгийн газар байгуулж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм гэдэгт итгэж болно. Гэхдээ цаг хугацаа хэрэгтэйг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар УИХ-аас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэжээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас ойрын үед тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ