Б.Мөнхзориг: Дундын оффис залуусын нэгдэж, хамтдаа хөгжих газар байх болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-20 15:56:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт хэсэг залуус хамтран дундын оффис гэх цоо шинэхэн үйлчилгээг нэвтрүүлээд удаагүй байгаа. Хүн бүрт нээлттэй байж, шинэ шинэлэг бүхнийг дэмжин, хамтран үр дүнд хүрэх нь тэдний гол зорилго. Дундын оффис гэх зүйл орон нутагт анхдагч зүйл учир түүнийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Мөнхзоригтой цөөн хором ярилцсан юм.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа, Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Хоёулаа шууд гол яриа руугаа оръё. Дундын оффис нээх санааг анх яаж олсон бэ?

-Хамгийн анх бидний үйл ажиллагааны чиглэл нь өөр өөр Дундын оффисийн талаар найзуудын түвшинд л ярьдаг байлаа. Энэ үед Амата корпорацийн гүйцэтгэх захирал, Амата сангийн ТУЗ-ын дарга Викром Кромадитын амьдрал бизнесийн замналыг харуулсан “Мөрөөдөлд хүргэсэн зам минь” номыг уншиж байсан маань шууд энэ санаагаа ажил болгох шийдвэрийг гаргахад нөлөөлсөн л дөө. Тэрнээсээ улбаалаад судалж үзээд орон нутгийн түвшинд хэрэгжиж болох боломжтой гэж дүгнээд байгуулах ажилдаа орж эхэлсэн. Ер нь бол ярилцах, судлах явцдаа хийх шийдэлд хүрсэн гэж ойлгож болно.

-Мэдээж энэ том ажлыг эхлүүлэхэд хамтрагч байгаа байх?

-Хамтрагч байлгүй яахав. Төслийн хамтрагч Б.Энх-Амгалан гэж залуу маань оффисын маань дотоод ажлуудыг хариуцан хамтран ажиллаж байна. Ер нь манай оффисоос үйлчилгээ авч байгаа болон хамтран ажиллаж байгаа бүх хүн нэгнээ дэмжин ажиллах зарчмаар явдаг тул бүгд л хамтрагч нар юм даа. Яг үйл  ажиллагаанд маань бизнес болон байгууллагын удирдлагын чиглэлээр туршлагатай Сүхбаатар аймгийн анхны ментор Т.Шинэхүү манай албан ёсны зөвлөхөөр ажиллаж байна.

-Энэ бол аймгийн хувьд шинэ нэр томъёо шүү дээ. Залуусын хандлага хэр байна?

-Нэрний тухайд бол шинэ байж болох юм. Гэхдээ энэ чинь Монголд бий болоод 1-2 жил, олон улсад бол аль хэдийнэ бараг 10-аад жил болоод хөгжчихсөн зүйл шүү дээ. Залуусын хувьд аливаа зүйлийг сурахдаа хурдан болсон санагддаг. Яг одоогоор бол ЕБС-ийн ахлах ангийнханд илүү хүрч байна. Ахлах ангийн хүүхдүүд гэдэг чинь бидний одоо ч ирээдүйд ч хамтрагчид гэсэн үг. Тиймээс хамтраад санаа хөгжүүлэх, туслах, чадавхжуулах зэрэг олон ажлыг хийгээд явж байна.

-Танай гол үйл ажиллагаа юу юм бэ?

-Үндсэн зорилго маань чадварлаг менежерүүдийн хамтын ажиллагааны үр дүнд дэлхийд данслагдсан Энтрепренерүүдийг төрүүлэх. Бид энэ зорилгынхоо хүрээнд аливаа бизнесийг нэгнээ дэмжигч, хэрэглэгч байх хэлбэрээр хөгжүүлэх юм. Одоогоор төлөвлөгөөний дагуу чадавхжуулах сургалт, сэтгэлгээ задлах үе шатууд хэрэгжиж эхлээд явж байна.


-Орон нутгийн залуус гадны улс орнуудын болоод дотоодын залуусын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж эхэлсэн гэж би хардаг. Үүнийг илүү хөгжүүлэх нэг гүүр нь магадгүй танай оффис байж болох юм?

-Нэг талаараа тийм. Бидэнд дотооддоо төдийгүй олон улсын зах зээлд чөлөөтэй ажиллах боломж байна гэж хардаг. Тэр тусмаа технологид суурилсан бизнес болон бусад ажил дээр. Монгол залуус олон зүйл сэдэж санаачилж байна. Энэ бол маш сайн. Нөгөө талаараа бас дутмаг зүйл байна. Орон нутгийн залуусын хувьд аливаа шинэ санаа, ажлуудыг эхлэх зориг дутмаг, эргэлзээ ихтэй санагддаг. Жишээлбэл, дундын оффис олон улсад хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрчихсөн гэтэл бид одоо л эхлүүлж байна. Бидэнд хурд маш их дутагдаж байгаа.

-Гараа сайн бол бариа сайн гэдэг. Одоо цаашид хэрхэхээр төлөвлөж байна?

-Манай төсөл бол стартапыг бий болгогч стартап. Тиймээс 2025-2030 он гэхэд технологид суурилан олон улсын зах зээлд гарсан хамгийн багадаа нэг бизнесийг бүтээхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн хийж байгаа ажлууд бол тэнд хүрэх замын деталууд нь гэж ойлгож болно.

-Аймагтаа анхдагч гэх санаануудыг залуус эхлүүлж байна. Гэхдээ үүнд зарим талаар төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Танай хувьд?

-Тийм шүү. Олон зүйл дээр дэмжлэг хэрэг болдог. Ядаж л өдөр тутмын ажлуудаа чирэгдэлгүй шуурхай хийдэг бол маш том дэм. Саяхан гэхэд л манай оффис аймгийнхаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зарласан "Startup weekend" үйл ажиллагааны гарааны бизнесийн төсөлд шалгараад хурдасгуур хөтөлбөртөө амжилттай оролцсон боловч харамсалтай нь хамгийн сүүлийн гэрээ байгуулах шатандаа хасагдсан.  Шалтгаан нь их сонин, инээдэмтэй ч юм шиг зүйлс олон байна лээ. Бидний хувьд бол яахав нэгэнт эхэлсэн цаашид үйл ажиллагаа явуулах нь тодорхой байсан болохоор санхүүжилтээ өөр аргаар шийдээд л явж байгаа. Гэхдээ энэ мэтчилэн залуусын хийж, санаачилж буй ажлуудад дэм өгөхөөсөө илүү тусалж буй мэт боловч урам хугалсан, ирээдүйг биш санхүүжилтийнхээ эргэн төлөлтийг бодсон шийдвэрүүд бага гарч байгаасай гэж хүсдэг. Зарим нэг удирдах түвшний хүмүүс сүүлийн үеийн технологи болоод контент үйлдвэрлэл гэх мэт салбаруудаас орлого олох боломжуудыг мэдэхгүй, ойлгохгүй зөвхөн уламжлалт аж ахуйгаасаа салж, сэтгэж чадахгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

-Оффиссынхоо ойрын ирээдүйг яаж харж байгаа вэ?

-Зүүдэндээ хүртэл санаа хайдаг олон олон шинийг санаачлагч залуусын тогтмол уулздаг, ажлаа эхлүүлдэг, хамтдаа хөгжин дэвждэг хоёр дахь гэр нь байх болно гэж хардаг. Үүндээ ч итгэлтэй байгаа.

-Мэдээж таны болон, танай хамт олны хүсэл мөрөөдөл үүгээр хязгаарлагдахгүй байх?

-Хүсэл мөрөөдөл хязгааргүй учраас мянган жилийн дараа ч үе дамжин дэвжин дээшилж, оршин тогтносоор байх дэлхийд данслагдсан, одоогийнхоор бол Алибаба, Тоёота, Майкрософт шиг олон олон компанийг бий болгохыг мөрөөдөж, зорьж байна. Таны хэлдгээр бид гараагаа сайн эхлүүлсэн, бариа ч бидэнд ойрхон байгаа гэж боддог. Гагцхүү үүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх нь залуучууд бидний  үүрэг гэж ойлгодог доо.

-Та бол шинийг эрэлхийлэгч залуучуудын төлөөлөл. Магадгүй яг юу хийхээ мэдэхгүй, эсвэл нэг сайхан санаа олсон ч яг хаанаас ч яаж эхлэхээ мэдэхгүй залуус олон байдаг. Тэдэнд хандаж юу гэж уриалах вэ?

-Ямар нэг бизнесийн санаа олсон бол айх зүйлгүйгээр судлаад хийж эхлүүлээрэй. Бага багаар айдсаа давж гарах тусам та ирээдүйд ихийг бүтээсэн байх болно. Бас том зүйлийг хийх зоригтой болсон байх болно гэж л уриалмаар байна. Бид алдах болов уу гэсэн айдсаас салах хэрэгтэй. Магадгүй алдсан ч болно, харин хүн дараачийн удаа алдаагаа давтахыг хүсэхгүй шүү дээ. Алдаа болгон туршлага болдог. Туршлагатай хүн юуг ч зоригтой хийж чаддаг.

-Танд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ирээдүйг чиглүүлэгч их мэдээллийн аянд нь амжилт хүсье.


Холбоотой мэдээ