Украинтай байгуулсан гэрээний асуудлаар Нидерландын парламентад санал хураана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Украин улс Европын Холбоонд /ЕХ/ нэгдэх тухай гэрээг батлах асуудлыг хүчингүйд тооцон цуцлах талаар Нидерландын парламент өнөөдөр санал хураана. Уг гэрээг батлах эсэх асуудлаар нидерландуудын дунд зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 6-нд явуулсан билээ.
Бүх нийтийн санал асуулгын албан ёсны дүнгээс үзвэл, түүнд оролцогсдын 61 хувь нь Украинтай нэгдэхийг эсэргүүцсэн бол 38.21 хувь нь дэмжжээ.
Парламентад дээрх асуудлаар санал хураалт явуулахыг Нидерландын сөрөг хүч санаачилсан байна. Тус улсын сөрөг хүчин 150 суудалтай парламентад 74 суудал эзэлдэг аж.
Хэрэв депутатуудын олонх нь Украинтай нэгдэх тухай гэрээг батлахыг хүчингүй болгохын төлөө саналаа өгсөн тохиолдолд Нидерландын Засгийн газар хүссэн хүсээгүй хариу арга хэмжээ авахаас аргагүйд хүрнэ. Нидерландын парламентын харгалзан үзэхээс татгалзсан тохиолдолд тус улсад улс төрийн ноцтой хямрал үүснэ гэж ажиглагчид үзэж байна.
Нидерландын эрх баригчид гэрээнд өөрчлөлт оруулах талаар Европын түншүүдтэйгээ хэлэлцээ хийх шаардлагатай гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рютте өмнө нь мэдэгдэж байв. Түүний хэлснээр, энэ үйл явцад хэдэн сарын хугацаа шаардлагатай болж магадгүй юм. Гол шийдвэрийг зургадугаар сард багтаан Их Британийн ЕХ-нд дахь гишүүнчлэлийн асуудлаарх бүх нийтийн санал асуулга болон түүний дараа явуулахаар товлосон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа гаргахаар төлөвлөж байна.
Украин улсыг ЕХ-нд нэгтгэх тухай хэлэлцээр 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон билээ.
Д.Жаргал