Монгол Улсын Төрийн дууллын архивын баримтыг Төрийн түүхийн музейд залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-28 14:50:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн дууллын хөгжмийг зохиосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Төрийн дууллын архивын баримтыг Төрийн түүхийн музейд өнөөдөр заллаа. 


Хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн болон Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн нарын гавьяаг алдаршуулж дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж” сангаас дээрх ёслолыг санаачилжээ. Ингэснээр, Монгол Улсын төрийн дууллыг бүтээсэн түүхэн архивын баримт сэлт ба аудио бичлэг, баримтат видео бүтээл, гурван зохиолчийн гурван эх бүтээлийг олон нийтэд толилуулах боломжтой болох юм.



Түүх сөхвөл, 1945 онд Тусгаар Монгол Улс төрийн сүлд дуулалтай байх нь зүйтэй гэсэн ард нийтийн санаачилга гарсан байна. Тухайн онд Урлагийн хэрэг эрхлэх газраас төрийн дууллын шүлэг бичих хаалттай уралдаан зарлаж, Ц.Дамдинсүрэнгийн шүлэг ба Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлэгт ая зохиолгох болжээ.


Харин 1949 онд БНМАУ-ын сүлд дууллын хөгжим зохиох уралдаанаар, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын зохиосон аялгууг шалгаруулжээ. Ингэхдээ Б.Дамдинсүрэнгийн аялгууны бадаг, Л.Мөнхдоржийн аялгууны дахилт хэсгийг нийлүүлэхээр болсон байна. Улмаар 1949 оны 12 дугаар сард Маршал Х.Чойбалсан болон Урлагийн асуудал эрхлэх хорооны хөгжмийн зүтгэлтнүүд хөгжмийг сонсож, төрийн сүлд дуулал болгохыг дэмжжээ.



Ингээд 1950 оны хоёрдугаар сарын 24-нд улс төрийн товчооны хурлаар Төрийн дууллын хөгжим гэж албан ёсоор баталжээ. Дараа нь Ц.Дамдинсүрэнгийн шүлгийг сонгож 1950 оны гуравдугаар сард төрийн дууллын шүлэг гэж баталсан байна. Тухайн оны дөрөвдүгээр сарын 26-нд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган баталж, 1950 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн төрийн сүлд дууллыг орон даяар эгшиглүүлж эхэлжээ.



Ташрамд дурдахад, Богд хаант Монгол Улсын Төрийн дууллыг Оросын Санкт-Петербургийн Маринийн театрын хийлч А.Кадлец “Зуун лангийн жороо луус” ардын дууг найруулан зохиож байжээ. Энэхүү сүлд дууг 1914-1924 онд  шашин төрийн ёслолд эгшиглүүлж байв. Үүний дараа С.Буяннэмэх, Н.Насанбат нарын 1922 онд зохиосон “Монгол Интернационал” дууг аливаа ёслолд хөгжимдөж байсан аж.

Холбоотой мэдээ