Бээжин хотын таксинд явж буй автомашинуудыг шинэчилнэ

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-10-31 16:30:05


Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хот ирэх онд 20 мянган таксинд парк шинэчлэлт хийж, цахилгаан авто машин болгоно хэмээн тус хотын Зам тээврийн комиссын ажилтан радиогийн нэвтрүүлэгт орохдоо мэдээлэв.

Түүний хэлж буйгаар, таксины үйлчилгээ үзүүлдэг компаниуд шинээр автомашин нэмэх эсвэл парк шинэчлэлт хийхдээ зөвхөн цахилгаан автомашин ашиглах бодлогыг Хятадын Засгийн газраас барьж байгаа аж.

Хятадын олон хотод такси үйлчилгээнд цахилгаан автомашиныг нэвтрүүлээд байгаа бөгөөд Бээжин хотын хувьд гурван жилийн төлөвлөгөө гарган аажмаар бензин автомашиныг цахилгаан автомашинаар солих ажил хийх юм байна.

Түүний тайлбарлаж буйгаар, Бээжин хот 2011 оноос цахилгаан автомашиныг такси үйлчилгээнд анх нэвтрүүлж байсан бөгөөд тухайн үед цахилгаан автомашинууд нэг цэнэглэлтээр ердөө 150 км зам туулах боломжтой байжээ. Улмаар олон жилийн явцад энэхүү асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд нэг цэнэглэлтээр илүү олон км зам туулах боломжтой болгосон.

Одоогоор, Бээжин хотын 1000 гаруй таксиг цахилгаан автомашинаар солиод байгаа ба ирэх ондоо багтаан 20 мянган таксиг цахилгаан автомашин болгох аж. Энэ нь тус хотын нийт таксины 20-иос илүү хувийг эзэлж байгаа юм.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ