"Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнд 11 төрлийн 500 ширхэг мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-12 11:55:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын санаачилгаар Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт "Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү цэцэрлэгт хүрээлэнг Сүхбаатар аймагт байгуулах нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 09-ний өдөр боллоо.
Нээлтэд аймгийн БОАЖГ, Баруун-Урт сумын ЗДТГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, УЦУОШГ, Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргааны удирдлага, холбогдох албаны хүмүүс. Баруун-Урт сумын дөрвөн сургуулийн эко клубийн багш, сурагчид оролцлоо.

Сүхбаатар аймгийн шилдэг Ногоон паспорт эзэмшигч сурагч З.Номин, төвийн 4 сургуулийн 400 сурагч, багш нар 11 төрлийн 500 ширхэг мод тарилаа.

Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээ 3,5 га байх бөгөөд нээлтийн үеэр нэг га талбайд 11 төрлийн 500 ширхэг модыг энэ өдөр тарьсан юм. Хүрээлэнгийн хашаа хамгаалалт, усалгааны ёонкс, мод тарихад ашиглах багаж тоног төхөөрөмжийг БОАЖЯ-наас олгожээ.

Эхний ээлжийн 500 ширхэг модыг Баруун-Урт сумын дөрвөн сургуулийн эко клубийн 400 гаруй сурагчийн хүчээр тарилаа. Үлдсэн газарт бүх нийтийн мод тарих өдөр болон бусад арга хэмжээний хүрээнд мод тарьж талбайг бүрэн моджуулна. Цэцэрлэгт хүрээлэнгийн цаашдын усалгаа, арчилгааг Шаргын модот компани хариуцна гэдгийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Борчулуун хэллээ.

Өсвөр үеийн хүүхдүүдийг байгаль хамгааллын чиглэлээр сургаж, цаашлаад мод бут тарих замаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулахад нөлөөлөл үзүүлэх нь "Ногоон паспорт-Ногоол төгөл"-ийн гол зорилго. Энэ хүрээнд аймгийн БОАЖГ-аас 2017 оноос эхлэн Эко клубийн сурагчдыг байгаль орчны чиглэлээр бэлтгэжээ.

 

Холбоотой мэдээ