Хуульд заагаагүй төлбөр хураамж авахыг хориглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-08 14:49:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Мэргэжлийн хяналтын байгууллагад ирж байгаа өргөдөл гомдлын дийлэнхийг хууль бус төлбөр хураамжтай холбоотой гомдол эзэлж байгаатай холбоотойгоор МХГ-ын улсын байцаагч Д.Отгонцолмонгоос  дараах мэдээллийг авлаа.


Боловсролын болон зөрчлийн тухай хуульд төлбөр хураамжийг зохицуулсан заалтууд бий. Үүнийг эцэг эхчүүд зайлшгүй мэддэг байх шаардлагатай.

Зөрчлийн тухай хуулийн 9.1-р зүйлийн “Боловсролын тухай хууль зөрчих” гэсэн хэсэгт “Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн, эсхүл мөнгө өгөх, ном бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, хуульд заагаагүй төлбөр хураамж авсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Хавар сургууль, цэцэрлэгийн төгсөлтийн баяр, тэмдэглэлт баярууд болдог. Энэ үед эцэг эхийн зөвлөлүүд санаачлан мөнгө хураадаг. Цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэлийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн журмаар шийдвэрлэх ёстой. Бүгдийг эцэг эхчүүдээр хийлгэх учиргүй. Ангийн өдөр тутмын үйл ажиллагааны жижиг зардлуудыг эцэг эхчүүдийн оролцоотой шийдэж болно. Энэ зөвлөлийн шийдвэр нь хамтын сайн дурын байх ёстой болохоос биш эцэг эхийн зөвлөлд байгаа хэдхэн хүн асуудлыг дур мэдэн шийдэх учиргүй.

Манай байгууллага хуульд заасан дүрэм журмыг баримтлан хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Боловсролын тухай хуулийн 40.7-д суралцагчаас хуульд заагаагүй төлбөр хураамж авахыг хориглоно гэж заасан. Хэрвээ энэ заалтыг зөрчсөн тохиолдолд төлбөрийг буцааж олгоно.

Багш нартай холбоотой бас нэг асуудал бол төлбөртэй дугуйлан, секц байдаг. Үүнийг Боловсролын тухай хуульд дараах байдлаар тусгаж өгсөн байна. ЕБС-ийн багш нар өөрсдийн мэргэжлийн чиглэлийн дагуу хөтөлбөр төлөвлөгөө боловсруулаад аймгийн БСУГ-аар батлуулсан тохиолдолд төлбөртэй сонгон, дугуйлан хичээллүүлэхийг зөвшөөрсөн. Эцэг эхчүүд болон сонирхсон ямар ч хүн тэр багшийн боловсруулсан хөтөлбөр төлөвлөгөөг харж хянах бүрэн эрхтэй.


Холбоотой мэдээ