"Монгол цэргийн жавхаа" шалгаруулалт энэ сарын 11-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-08 11:12:36

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.

 “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм. Энэ сарын 11-нд нээлтийн ажиллагаа болно. Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа - 2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг 5 дугаар сарын 28-ны өдөр Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний гурван  байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид нь эмнэлгийн хэрэгсэл олгоно. Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтын ажил  хийсэн байна. Энэ жил тохижилтын ажлыг ч харгалзан үзэх аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ