“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-06 13:14:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үнэлгээний урьдчилсан дүнгээр тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг үнэлжээ.


Энэхүү хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээний урьдчилсан үр дүнг өнөөдөр танилцуулав. Энэ үеэр эмч мэргэжилтнүүд иргэд, тэр дундаа хөдөө орон нутгийн холын сум, сууринд амьдарч байгаа хүмүүс вирусийн ачаалал тоолох шинжилгээнд хамрагдах, эмчилгээгээ цаг тухайд нь хийлгэхэд анхаарах шаардлагатайг хэлж байв.

ЭМЯ, ДЭМБ-тай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 оны 8 дугаар сарын 26-наас энэ сарын 6-ны хугацаанд хийж гүйцэтгэжээ.

Үнэлгээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий, Ховд, Булган, Орхон, Хэнтий, Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллага, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, эмийн сан, хувийн хэвшлийн 18, нийслэлд төрийн бус байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн 30 байгууллага нийт 58 байгууллагад очиж ажиллажээ.
ДЭМБ-аас Монгол Улсыг Хепатитийн вирусийн халдвартай тэмцэж байгаа жишиг орон, жишиг хөтөлбөр гэж зарласан. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, вирусийн ачаалал тоолох шинжилгээ, вирусийн эсрэг эмийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, хүн амд үнэ төлбөргүйгээр хүртээмжтэй хүрэх боломжийг бүрдүүлжээ.

Энэхүү үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай нийт 929 129 иргэн хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих 15-аас дээш насны хүн амын 60.6 хувийг эзэлж байгаа юм. Мөн эрүүл мэндийн даатгалгүй олон хүн элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, эмчилгээнд хамрагджээ.

Эрүүл мэндийн байгууллагууд шинжилгээ, оношилгоо, эмчилгээг цаг тухайд нь ямар ч хүндрэлгүй хүргэхэд бэлэн ажиллаж байна. Иймд иргэд эрүүл мэнддээ анхаарч элэгний вирусийн халдварын илрүүлэг шинжилгээг өрх, сум, аймаг, дүүргийнхээ эмнэлэгт хийлгэх хэрэгтэй. Хэрэв халдвар илэрвэл вирусийн ачаалал тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийлгээд эмчилгээгээ цаг тухайд нь эхлэх боломжтой. Хэрэв халдвартайгаа мэдсээр байж эмчилгээ хийлгэхгүй яваад байвал өвчин хүндэрч элэгний хатуурал болж улмаар хорт хавдарт шилжин “Элэг бүтэн” амьдралаа үгүй болгоно гэдгээ ойлгох нь чухал гэдгийг эмч нар хэллээ.


Холбоотой мэдээ