Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хориглодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-07 23:00:23

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Хил, Хорио цээрийн Хяналтын хэлтсийн дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Нарантуяатай ярилцлаа.

-Манай улс хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр авсан хэвээр байгаа. Ер нь хүнсний бүтээгдэхүүнийг чухам ямар байгууллага экспортлож импортлох эрхтэй байдаг вэ?

-Энэ нь юуны өмнө хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход “Монгол Улсын Хүнсний тухай”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, “Эрүүл ахуйн тухай”, “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрт заагдсанаар зохицуулагддаг. “Хүнс” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангаж эрүүл мэндийг нь дэмжиж хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны ус зэрэг хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлож болдог.

- Монгол улсын иргэд маань хоёр хөршдээ бизгүй зорчдог болсон. Хоёр талаас хүнсний бүтээгдэхүүнийг их бага хэмжээгээр импортлож оруулж ирдэг боллоо. Ер нь бичиг баримтад ямар шаардлага тавигддаг вэ?

-Хүнсний бүтээгдэхүүнийг чинь аж ахуйн нэгж байгууллагууд л оруулж ирнэ шүү дээ. Тиймээс тухайн байгууллагын гэрчилгээ нотриатороор баталгаажуулсан хуулбар, экспортлогч улсын үйлдвэртэй шууд эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай худалдааны гэрээ байгуулсан байх ёстой. Мөн экспортлогч улсын буюу үйлдвэрийн чанар аюулгүй байдлыг тодорхойлсон гэрчилгээ, шинжилгээний дүн тухайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэлийн төрөл, замын чиглэл, бүтээгдэхүүний тоо хэмжээ, боловсруулалтын байдал, савлалт, шошгололт, импортлох хүнс нь зохистой дадал  жишээ нь хөдөө аж ахуйн, эрүүл ахуйн, үйлдвэрлэлийн гэх мэт. Түүнчлэн хяналт, удирдлагын тогтолцооны аль нэгийг нь нэвтрүүлснийг баталгаажуулсан үйлдвэрийнх нь албан ёсны хуулбар зэрэг нь бүрэн байх шаардлагтай.

-Зөвхөн бичиг баримт бүрдүүлэхэд л ийм их юм шаарддаг юм уу? Тэгвэл түүхий эд, бараа, бүтээгдэхүүнд нь эрүүл ахуйн ямар ямар шаардлага тавигддаг вэ?

-Түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис бэлдмэл, тэдгээрийн сав баглаа боодол, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичгээс өгсүүлээд эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй өндөр эрсдэлтэй түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис бэлдмэлийг экспортлож импортлоход холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна. Дүгнэлт гарсны дараа экспортлож импортлоход хүний эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээтэй байна. Иймээс импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлт Монгол Улсын болон олон улс бүс нутгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлага хангаж хадгалах хугацааны гуравны  хоёр нь хүчинтэй хугацаа байхаас гадна стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулахтай байх хэрэгтэй.

-Тухайн бүтээгдэхүүний аюулгүй гэдгийг яаж мэдэх вэ? Гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь бүгдээрээ гадаад заавартай байдаг биз дээ? Нэгэнт орж ирж байгаа бүтээгдэхүүн болгонд Монгол заавартай байж болохгүй юу?

-Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авагчид шошгыг нь сайн харах хэрэгтэй. Шошгод агуулагдах мэдээлэл нь Монгол, эсхүл Англи, Орос хэлний аль нэгээр нь бичигдсэн, шошгонд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгчийн нэр хаяг, хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа эсхүл хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх арга, гаж нөлөө, хориглох заалтууд бичигдсэн байдаг. Түүнийг нь сайн үзэж байж авах ёстой.

-Мэдээж хүнсний бүтээгдэхүүн юм чинь гадаадад үйлдвэрлэгдэнгүүт Монгол руу шууд орж ирэхгүй явж ирсээр байтал хугацаа нь хэтэрч муудах тал байдаг гэсэн. Тээвэрлэлт нь ямар байх ёстой вэ?

-Хүнсний бүтээгдэхүүнийг импортлогчид тухайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байж түүндээ ариутгал хийлгэсэн гэрчилгээ дагалдах, сав баглаа боодлын чигжээс, уяа, татлага, олс нь хорио цээрийн шаардлага хангасан байхыг шаарддаг. Харин олон улсад хэрэглэдэг таних тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, бичил биетний цэвэр өсгөврийн хөрөнгө, органик болон шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнс, бүртгүүлээгүй хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг импортлохыг хуулиар хатуу хориглодог” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ