Төв захыг тохижуулах төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Арвайхээр сумын төв захын хэсэгчилсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг хэлэлцлээ.
2014 онд Тэргүүлэгчдийн хуралдаанаар захын хэсэгчилсэн төлөвлөгөөг батласан бөгөөд өнгөрсөн хугацаанд нам даралтын зуухуудыг нэгтгэх, автозамын өргөтгөл, зогсоолыг хийх, нийтийн бие засах газар байгуулах, гэрэлтүүлгийг шинэчлэх, харуул хамгаалалттай болгох, мал мах, түүхий эд, техникийн захыг нүүлгэж төрөлжүүлэх гэхчлэн багагүй ажлыг хийж хэрэгжүүлсэн юм.
Цаашид уурын зуухуудыг төвлөрсөн халаалтын шугамд холбох, таксиг зогсоолтой болгох, ил задгай худалдаа эрхлэгчдийг зориулалтын байранд оруулах, камержуулах, төрөлжсөн захуудыг байгуулах, хогийн савны тоог нэмж, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмолжуулах гэхчлэн тодорхой ажлуудыг төлөвлөөд байна.