"Халуун тогооны аюулгүйн тавиур" хийх уралдааныг зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-21 15:12:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ГХУСАЗСЗ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс “Халуун тогооны аюулгүйн тавиур” бүтээх уралдааныг зарлажээ.

Баянхонгор аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 15 хүртэлх насны 196 хүүхэд осол гэмтэлд өртсөний 44 хувийг 0-5 хүртэлх насныхан байгаа бөгөөд шалтгааны хувьд тал шахам хувь нь ямар нэгэн байдлаар түлэгдэж эмнэлгийн тусламж авсан байна. Судалгаагаар түлэгдэлтийн голлох шалтгаан нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болох халуун тогоо /65%/ гэсэн дүн гарчээ. Хязгаарлагдмал орон зайд хоол цай болон угаалга хийх халуун усыг бэлтгэх явцад тухайн цахилгаан хэрэгслийг газарт байрлуулдаг нь хүүхэд түлэгдэх гол шалтгаан болж байгааг холбогдох албаныхан хэлж байгаа юм.

Тиймээс тухайн цахилгаан хэрэгслийг байрлуулах зориулалтын суурьтай байх нь түлэгдэлтээс сэргийлэх ач холбогдолтой тул Баянхонгор аймгийн хэмжээнд мод, модон эдлэлийн үйлдвэр эрхлэгчдийн дунд “Халуун тогооны аюулгүйн тавиур” хийх уралдааныг зарласан байна. Нэг сая гаруй төгрөгийн шагналын сантай дээрх уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээлээр оролцох боломжтой аж.

Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хэлбэр, хэмжээ, загвартай, хүний биед хор нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй, байгаль экологийн гаралтай, гарын доорх материал, үл шатах түүхий эд ашиглан цахилгааны утас, тогооны асааж унтраах товчийг далдалсан, зөвхөн тогооны хүрээ болон бариулын хэсэг тавцнаас ил гарсан байхуйц, зай талбай бага эзлэх зэрэг шийдлийг хийсэн байдлаар нь үнэлж, шилдгүүдийг шалгаруулах юм байна. Шалгуур үзүүлэлтэд хамгийн нийцтэй гурван бүтээлийг аймгийн ИТХ, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, “Баянхонгор Эрчим хүч”  ЦТХХК-ийн төлөөлөл бүхий комисс шалгаруулна.

Мөн дээрх бүтээлүүдээр Эх үрсийн баярын өдрөөр Баганат талбайд үзэсгэлэн худалдааг зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ