Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Дундговь аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-13 23:35:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хэннингс, боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан Х.Саруул болон бусад төлөөлөгчид Дундговь аймагт ажиллалаа. 

Тус айлчлал нь ирээдүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Элчин сайдын яамны хөтөлбөрүүдээ танилцуулах, мэдээлэл түгээх зорилготой ажээ.

Айлчлалын хүрээнд Дундговь аймгийн удирдлагуудтай уулзаж, БСУСГ, ЕБС, МСҮТ, зарим ТББ-аар зочилж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ИНБ-уудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Энэхүү айлчлалын үр дүн болон тус аймагт ажиллах үеэр ажиглагдсан онцлог зүйлийн талаар ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Адам Хэннингс хэлэхдээ, “Тус аймагт 36 цаг ажиллаж байна, өөрийн албаны чиглэлийн бүх байгууллагаар орж, аль болох олон хүнтэй уулзан, мэдээллээ түгээж, санал солилцохыг хичээж ажиллалаа. Энэ хугацаанд ажигласан нэг зүйл бол хүүхэд, залуучууд өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, англи хэлний чадвараа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа нь бахархууштай байна. Төрийн удирдлагуудын зүгээс ч дэмжин ажиллаж байгаа нь сайхан байна. Энэ жил 2 оюутан АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг ахлах ангийн сурагчдын нэг жилийн солилцооны хөтөлбөрт хамрагдах гэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Монгол Улсаас 20 сурагч явна, түүний 2 нь Дундговийнх юм байна. Энэ мэтчилэнгээр тус аймгийн сурагчид, залуучууд манай хөтөлбөрт хамрагдан, гадаадад суралцаж, хэлний боловсролоо илүү их сайжруулах боломж нэмэгдэх байх гэж итгэж байна” гэлээ.

Тэрээр ИНБ-уудын төлөөлөлтэй уулзах үеэрээ АНУ-ын ЭСЯ-наас зарласан орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулж, орон нутгийн ТББ-уудын үйл ажиллагаа, бэрхшээл, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, санал солилцсон юм. 

Холбоотой мэдээ