Стандартын шаардлага хангасан 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-05-13 10:40:01

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг 50 ортой орчин үеийн стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай болж нээлтээ хийлээ. 
Жил ирэх бүр төрөлт нэмэгдэж зориулалтын өрөө тасалгаа хомс учраас багагүй хүндрэл учирдаг байсан аж. Нэгдсэн эмнэлгийн амаржих тасгийг анх 1972 онд байгуулж байсан түүхтэй бөгөөд сүүлийн 3 жилийн дунджаар 2400 гаруй эх амаржсан ажээ. Тиймээс төрөх тасгийг өргөтгөх эсвэл зориулалтын байртай болгох талаар аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд хамтран улсын төсөвт суулгаж чадсанаар өнгөрсөн оны 8 дугаар сард шаваа тавьж байсан бол ийнхүү ашиглалтад хүлээн авч байгаад тасгийн хамт олон баяртай байна.

Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Төрөх тасгийг орчин үеийн стандартын шаардлага хангасан, зориулалтын байртай болгож байгаа нь эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчилгээ оношилгооны шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эх баригч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эхчүүд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн үйл ажиллагаа юм.

Улс үндэстэн бүрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал байдаг. Энэ бүхний төлөө зүтгэсэн удирдлагууд, барилгыг хурдан шуурхай барьсан хамт олонд талархлаа илэрхийлье хэмээн онцоллоо.

Дашрамд, Төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жи Жи Ай” ХХК барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн аж.

Холбоотой мэдээ