ХБИ үе тэнгийнхэнтэйгээ зэрэгцэн суралцана

Орон нутагт | Дархан-Уул
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-18 13:29:01

Дархан-Уул аймагт “JCI- Найрамдал” салбараас  хэрэгжүүлж буй “Тэмүүлэл” төслийн хүрээнд хөдөө орон нутагт анх удаа Дархан сумын 7 дугаар цэцэрлэгт “Тусгай хэрэгцээт боловсрол олгох бүлэг”-ийг байгуулж нээлт хийлээ.

Тус бүлэгт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 2-5 насны 12 хүүхдийг хамруулсан байна. “Тусгай хэрэгцээт боловсрол олгох холимог бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг СӨБ-д хамруулж байгаа нь тэднийг үе тэнгийнхэнтэй зэрэгцэн суралцах боломжийг олгож  эцэг эхчүүдэд нь ажиллаж хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлж байна” гэж аймгийн БСГ-ын дарга Б.Ганчулуун уг нээлтийн үеэр онцлов.

Бүлэгт багшлах А.Ууганцэцэг, Л.Отгонжаргал, Э.Сарантуяа нар БНСАУ-ын Сөүлийн их сургуулийн “Судлаач багш нарын сургалт”-д хамрагдаж сертификаттай төгсчээ. Мөн Улаанбаатар хотын “Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолбор”-той  гэрээтэй хамтарч ажиллахын зэрэгцээ сургагч багш нар ирж эмч, тогооч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг найман хүнд долоо хоногийн сургалт явуулж 14 хоногийн дадлага хийлгэжээ. Энэ үеэр “JCI-Найрамдал” байгууллагын ерөнхийлөгч П.Батжаргал “Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнө тулгарсан бүхий л асуудалд хамтарч илүү их ажлыг хийнэ” гэдгээ илэрхийллээ. 

Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд