“Авьяаслаг удмынхан” урлагийн анхдугаар наадам болно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-07 09:59:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн нийт өрх, гэр бүлийн дунд “Авьяаслаг удмынхан” урлагийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ. Анхдугаар наадмыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулах аж.

Наадмын эхний шатны шалгаруулалтыг энэ сарын 11,12-ны өдөр Орхон, Хонгор, Шарын гол сумын иргэдийн дунд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дархан сумын оролцогчдын тухайд хуучин Дарханы бүс буюу 1-8-р баг Оюуны ирээдүй цогцолборын “А” байр, Шинэ Дарханы бүс буюу 9-18-р багийг 9-р сургуулийн урлаг зааланд дээрх өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.

Анхан шатны шалгаруулалтаас тодорсон шилдэг гэр бүлүүд дараагийн шат буюу 2 дугаар хэсэгт өрсөлдөх эрхтэй болох аж. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Залуучууд театрын их танхимд энэ оны 05 дугаар сарын 18,19-ны өдөр зохион байгуулж эцсийн шатанд оролцох оролцогчдыг шалгаруулах ажээ.

Шагналтнуудын нэгдсэн Гала тоглолт 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Залуучууд театрт болно гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн С.Нарангэрэл мэдээллээ.

“Авьяаслаг удмынхан” урлагийн наадмын бүртгэлийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 09.00-18.00 цагт Орхон, Хонгор, Шарын гол сумын иргэдийг Соёлын төвд бүртгэх бол Дархан сумын оролцогчид БСУГ-т бүртгүүлнэ. Наадмын удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг 99059395 дугаараас тодруулахаас гадна БСУГ-т очиж өөрийн биеэр авах боломжтой ажээ.

Гэр бүлийг дэмжих жилийн хүрээнд хийж буй аймгийн хэмжээнд, өрх бүрт чиглэгдсэн урлагийн наадамд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоотой мэдээ