Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-30 13:07:13

ТОКИО. /NHK/.  НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрэээний асуудлаарх хуралдаанд оролцогчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг БНАСАУ-д уриалжээ. 


БНАСАУ Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнээс гарч байгаагаа 2003 онд дангаар зарлаж, цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх үйл явцыг хурдасгасан юм.


“Солонгосын хойгийг баллистик пуужин болон үй олноор нь хөнөөх зэвсгээс эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулахын тулд манай улс олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаа” хэмээн Японы төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн БНАСАУ-ын эрх баригчдын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэхийг тэрбээр улс орнуудад уриалсан байна.


Харин АНУ-ын төлөөлөгч мэдэгдэхдээ, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүйгээр, бүрэн ангижруулах үйл явцыг баталгаажуулах замаар БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх ёстой” гэжээ. 


“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд улс орнууд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, энх тайван тогтоох механизм бий болгох хэрэгтэй” хэмээн Хятадын төлөөлөгч мэдэгдэв.


Үүнээс гадна Европын Холбооны төлөөлөгчид "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ"-нд эргэн нэгдэхийг БНАСАУ-д уриалсан байна. 

Холбоотой мэдээ