Салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-18 22:00:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний оройноос Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 14-16 метр, бусад сумдаар 9-14 метр хүрч, шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Хавар, намрын улиралд өндрийн фронтын бүс эрчимжиж, тус аймгийн нутаг дээр өргөргийн дагуу байрлахад хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурах тохиолдол цөөнгүй ажиглагддаг ажээ.

Салхи 15 м/с-ээс давж шуурах нь дөрөвдүгээр сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа ажиглагддаг байна. Сүүлийн жилүүдийн байдлаар 1998, 2001, 2002, 2011 онд зарим газраар 34-45 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч иргэд, байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулж байсныг аймгийн УЦУОШГ онцолжээ.  

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн нутагт маш хүчтэй шороон шуурга шуурсан тохиолдол байдаг.

Тухайн үед аймагт тохиолдсон хүчтэй салхи, шороон шуурга нь цаг уурын хэллэгээр “Нөөлөг салхи” гэж нэрлэгддэг бөгөөд хавар, намрын шилжилтийн улирал, зуны хур борооны улиралд гол төлөв ажиглагддаг, ялангуяа хаврын улиралд хуурайшилтын улмаас газрын өнгөн хөрснөөс салхины үйлчлэлээр тоос шороо их хэмжээгээр агаарт дэгдэн, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тоос шороо газраас дээш хэдэн зуун метрийн өндөрт тархан салхиар зөөгдөн томоохон хэмжээний газар нутгийг хамардаг ажээ.  

Энэхүү  нөөлөг салхины дундаж нь 15-16 м/сек, өрөвхийлөл нь 24-28 м/сек хүрч салхилсан байна.

Тиймээс аймгийн УЦУОШГ-аас байгалийн болзошгүй аюул, давагдашгүй хүчин зүйлд бэлэн байхыг малчид, иргэдэд ийнхүү онцгойлон анхааруулж байгаа ажээ.   

Холбоотой мэдээ