Монгол хэл бичгийн давтан шалгалтад 21 хүүхэд хамрагдана

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-04-18 13:24:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр улс орон даяар болох монгол хэл, бичгийн давтан шалгалтад Дундговь аймгийн хэмжээнд 21 хүүхэд орохоор бүртгүүлээд байна. Тэдгээрийн 9 нь өнгөрсөн оны төгсөгч аж. 

Аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 20-ны өдөр улс орон даяар зохион байгуулсан монгол хэл бичгийн эхний шалгалтад 8 сургуулийн 152 төгсөгч хамрагдаж, нийт оролцогчдын 8 хувь нь буюу 12 хүүхэд босго оноондоо хүрээгүй байна.

Өөрөөр хэлбэл монгол хэл бичгийн шалгалтад орсон нийт төгсөгчөөс 140 сурагч 400 буюу босго онооны болзлыг ханган, их дээд сургуульд элсэх шалгалтад орох эрхтэй болсон бөгөөд энэ жил аймгийн хэмжээнд 156 хүүхэд ЭЕШ-д орохоор бүртгүүлээд байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 37 тоот тогтоолоор их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн төгсөгч монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдан 400-гаас дээш оноо авсан байхаар журамласан байдаг.

2018 онд аймгийн хэмжээнд 536 хүүхэд монгол хэл бичгийн шалгалтад орж, шалгалтын онооны дүнгээр тус аймаг улсын хэмжээнд өндөр оноо авсан амжилтыг үзүүлж байжээ. 

Холбоотой мэдээ